Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өсвөрийн жүдочдод бүс гардуулж, баяр хүргэн, спортын амжилт хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр 2006 оноос хойш ажиллаж байгаа, мөн Олон улсын жүдо бөхийн холбооны Бодлогын зөвлөлийн Ази тивийг хариуцсан тэргүүнээр ажилладаг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үүсгэн байгуулсан жүдогийн акедемид суралцаж, шалгалтаа амжилттай өгсөн өсвөрийн 66 тамирчин шар, улбар шар, ногоон, цэнхэр, бор бүс сертификатын хамт гардан авлаа. Өсвөрийн жүдочдод бүс гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн зочид, тамирчид, эцэг эхчүүдэд хандан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга “Манай Жүдогийн академи байгуулагдаад нэлээд олон жил болж байна.
Монголын өсвөр үе, залуучууд хүүхдүүд багаасаа хөдөлмөрч, тэвчээртэй болж бие бялдрын хөгжил нь сайжирч, интернэт орчинд бус, спорт зааланд цагаа илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхэд Жүдогийн академийн байгуулагдсан зорилго нь оршиж байгаа юм. Өнөөдөр цол ахиулж бүс гардуулах ёслол болж байна. Академийнхаа багш дасгалжуулагчид, хүүхдүүдэд баяр хүргэе” гэсэн юм.
Өсвөрийн жүдочдод бүс гардуулах ёслолын ажиллагаанд Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын зэрэглэлийн шүүгч М.Бөхбат, Олон Улсын жүдо бөхийн холбооны Энхтайваны хорооны дарга Николас Мэсснэр, Олимпийн аварга, дэлхийн 3 удаагийн аварга Грек улсын тамирчин Иллиас Иллиадис нар болон тамирчид, дасгалжуулагчид оролцсон юм. Бүс гардуулах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын жүдо бөхийн холбооноос хийгдэж байгаа “Judo for the world” баримтат киноны багийнханд ярилцлага өгөв.