Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан зохион байгуулж байгаа “Амар байна уу 2023” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын санаачилгаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын зохион байгуулж буй уг арга хэмжээ нэг сар буюу хоёрдугаар сарын 20-н хүртэл үргэлжлэх юм. Тус үзэсгэлэн худалдаанд анх удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр худалдаалж байна.
Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээгээ хөгжүүлэх, зах зээлээ дэмжих зорилготойгоор нийслэлийн удирдлагууд түүчээлж, 21 аймгийн удирдлагуудаа уриалж энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Сар шинийн баяраар 1.3 их наяд төгрөг гадагшаа урсдаг гэсэн судалгаа байдаг. Харин тус үзэсгэлэн худалдаанаас эх оронч худалдан авалт хийснээр энэ гадагшаа урсаж байгаа мөнгөний тодорхой хувь нь Монголдоо үлдэнэ. Улаанбаатар хот бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төв, гол зах зээл. 21 аймагтай хамтын ажиллагааг хөгжүүлж, тэнд жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгаа олон мянган иргэнээ хотын зах зээлд татаж, бараа бүтээгдэхүүнүүдээ борлуулахад Улаанбаатар хот дэмжлэг үзүүлэх эхний санаачилга энэ. Цаашид тус үзэсгэлэн, худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Үндэсний үйлдвэрлэл гэдэг бол жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид дээр суурилдаг. Тиймээс тэднийг бодлогоор дэмжиж, ажлын байраа хадгалахад зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай” хэмээсэн юм.
Мөн энэ арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авахгүйгээр хамтран ажиллаж буй “Шинэ зуун айл трейд” ХХК-ийн хамт болон Н.Наранхүү захиралд талархал илэрхийлсэн юм.
Манай улсын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар нь бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 90 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 70 гаруй хувийг бүрдүүлдэг. Мөн тус салбарт нийт 900 мянга гаруй хүн ажилладаг нь нийт хөдөлмөрийн зах зээлийн 68 хувийг эзэлж, экспортын орлогын 2.4 хувь, ДНБ-ий 18.3 хувийг бүрдүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд улсын нийт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын 60 гаруй хувь буюу 43,236 байгууллагад 674,456 хүн ажилладаг бөгөөд энэ нь хөдөлмөрийн зах зээлийн 67.2 хувийг эзэлдэг.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Хотын даргын өгсөн үүргийн дагуу 10 мянган ам метр талбайг тохижуулж, үйлдвэрлэл эрхлэгчдээ бараа бүтээгдэхүүнээ ая тухтай борлуулах, иргэдэд тухтай орчинд үйлчлүүлэх, үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ авах боломжийг бүрдүүллээ. 21 аймгаас ирсэн аж ахуйн нэгжүүд 3-5 хоногийн дотор бүтээгдэхүүнээ зараад, дахин бараагаа явахаар явж байна. Мөн Соёлын яамтай хамтран Монгол Улсын өнцөг булан бүрд байгаа соёлын өвийн онцгой бүтээлүүдийг дэлгэн харуулж байгаа. Түүнчлэн Монголын томоохон аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг үзэглэж байна” хэмээгээд иргэдийг үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин, худалдан авалт хийж, үндэсний үнэнч хэрэглэгч болохыг уриаллаа.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид анх удаа 21 аймаг, есөн дүүргийн үндэсний үйлдвэрлэгчид оролцсон, мөн түрээсийн төлбөргүй ийм үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж байгааг онцолж, тус арга хэмжээг зохион байгуулсанд талархал илэрхийлж байв. Мөн борлуулалт маш сайн байгааг хэлж байлаа.
Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий “Үзэсгэлэн худалдаанд манай газар инновацын соёлыг түгээх ажлын хүрээнд инновацын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсийг дэлгэн тавьж байна. Өнөөдөр гэхэд хүүхдэд хэрэгтэй, танин мэдэхүйн бүтээгдэхүүнийг иргэд маш ихээр худалдан авч байна. Мөн гэртээ хийж болох сонирхолтой олон зүйлсийг дэлгэн тавьсан. AR, VR технологиор бэлэг дурсгал, соёлын бүтээлүүдийг дэргэд нь байгаа мэт үзэх боломжийг олгож байна. Түүнчлэн үзэсгэлэнд оролцож байгаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг зурагжуулан баримтжуулж байгаа бөгөөд бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг бий болгож онлайн дэлгүүр нээнэ” хэмээсэн юм.
Техник, технологийн дээд сургуулийн хувьд гэхэд багш, оюутнуудын бүтээлүүдээр үзэсгэлэн, худалдаанд оролцож байгаа аж. Тэдний хийсэн ширээ, сандал, авдар, кофены аяганы суурь зэргийг хүмүүс хамгийн ихээр сонирхож байлаа. Тус сургуулийн сургалт, оюутны албаны дарга Б.Мягмардорж зөвхөн нийслэл гэлтгүй 21 аймгийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид оролцож, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах ийм арга хэмжээ зохион байгуулж буй нь сайшаалтай гэдгийг онцолж байв.