“Ховд эко цемент” үйлдвэр ашиглалтад орлоо

Баруун бүсийн түүхэнд хөгжлийн нэгэн шинэ хуудсыг нээсэн “Ховд эко цемент” үйлдвэр ашиглалтад орлоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцохдоо Монгол Улсын хэмжээнд 2020 оноос хойш ашиглалтад орсон хамгийн том үйлдвэр, хамгийн том бүтээн байгуулалт гэдгийг онцлов.

Тэрбээр дөрвөн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Ховд эко цемент” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байснаа дурсаж, аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлж төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутгийн иргэдийн ая тухтай амьдралыг цогцлоох төр, засгийн залгамж бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй үйлдвэр ашиглалтад орж байгааг тэмдэглэв.

Мөн монголчууд Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих шилжилтийн бодит жишиг эндээс эхэлж,  Үйлдвэржилтийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх, монголчууд өөрсдөө ийм том бүтээн байгуулалт хийж чаддаг болсныг батлан харуулж чадсаныг хэлэв.

Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 250 мянган тонн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж, баруун бүсийн хэрэгцээг хангана.

Мөн 350 шинэ ажлын байр бий болж, шууд болон шууд бусаар орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин, 3,000 орчим иргэний орлого нэмэгдэх боломж бүрдэж байна.

Түүнчлэн баруун бүсэд “Орон сууцжуулах хөтөлбөр”-ийг эрчимжүүлж, орон нутагт агаарын бохирдлыг бууруулах, үндэсний инженер, техникийн ажилтнуудаа сургах, бэлтгэх, баруун бүсийн хэрэгцээг хангах, улмаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсад экспортлох юм.

Үйлдвэр Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад шаардлагатай цементийг нийлүүлэх, энэ хэрээр өртөг зардлыг бууруулах  боломж давхар нээгдэж байна.

Төслийн нийт санхүүжилтийн 70 хувийг төсөл хэрэгжүүлэгч гаргаж, үлдэх  30 орчим хувийг Хөгжлийн банкны зээлээр  санхүүжүүлсэн нь “Үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх” зорилтыг хангах Хөгжлийн банкны үндсэн зорилгод нийцсэн төслийн нэг болжээ.

“Ховд эко цемент”-ийн үйлдвэр нь хуурай аргын үйлдвэр бөгөөд түүхий эдээ олборлох, бутлах, нунтаглах, хоорондын найрлагыг нь жигд болгоход ус хэрэглэхгүй, хамгийн сүүлийн үеийн, хамгийн шилдэг технологи бүхий байгаль экологид ээлтэй үйлдвэр юм.

Үйлдвэрийн цех, дамжлага болгон дээр, тоос үүсгэж болох бүх цэгт тоос шүүх байгууламж байршуулсан байна.

“Ховд эко цемент” төслийг “Нью прогресс групп” санаачилж, гүйцэтгэгчээр “Western hold”, “BTIEC” компани ажилласан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрийн хамт олон өнгөрсөн онд 5,000 мод тарьж, 100,000 үрсэлгээ суулгасан байна.

“Ховд эко цемент”-ийн төслийн нийт гаднах талбай 20 га буюу хөлбөмбөгийн 19 талбайтай тэнцэх юм.