Үндэсний номын баярыг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор ирэх тавдугаар сарын 19-21-нд зохион байгуулна.
Энэхүү номын баярыг 2007 оноос “Номын ертөнц” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Б.Сувдын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн. Одоо “Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүрийн 5,9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд тогтмол зохион байгуулж буй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд 158 дугаар зарлигаараа “Үндэсний номын баярын өдөр”-ийг тэмдэглэх уриалга гаргасан. 2019 оноос УИХ-ын дарга Г.Занданшатар номын баярыг ивээлдээ авч, “Өдөр бүр таван хуудас уншъя” уриалгыг дэвшүүлэн, энэхүү баярыг хууль тогтоомжоор баталгаажуулах зэрэг олон талаар дэмжиж ирсэн төдийгүй номын соёлыг түгээн дэлгэрүүлсэн гурван эрхэмд өөрийн нэрэмжит “Мэргэн ном” цомыг гардуулдаг уламжлал тогтоогоод байна.
2021 оны УИХ-ын чуулганаар “Номын баяр”-ын тогтсон өдрүүдийг Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрийн хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулж, улс орон даяар тэмдэглэх, төр засгаас дэмжих, гойд анхаарах үйл ажиллагаа болохыг тунхагласан.
Номын соёлыг түгээх, хүүхэд залуусыг номд дурлуулах, оюунлаг ирээдүйг бэлтгэх үүрэг, зорилготой тус номын баяр нийгэмд хүсэн хүлээдэг томоохон соёлын наадам болж өргөжөөд байна. Сүүлийн жилүүдэд хөрш хоёр орны болон олон улсын зохиолчдыг өргөнөөр урьж оролцуулан монгол ном, соёлыг дэлхийд таниулах үүднээс зохион байгуулагчид ажиллаж байна.
Энэхүү баярт ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, орчуулагч, шүүмж судлаач, уншигч, Монгол оронд улсаа төлөөлөн суугаа гадаад орны Элчин сайд, жуулчин, түр оршин суугч болон хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцдог. Баярын өдрүүдээр номыг уншигчдад хямд үнээр хүргэх, уншигч, зохиолчдыг уулзуулах, номтой холбоотой гэгээн дурсамж бүтээх орон зай, цаг хугацааг бүрдүүлдэг. Мөн ном хэвлэн нийтлэгч, орчуулагч, редактор, хэвлэлийн газруудад уншигч, хэрэглэгчтэйгээ уулзаж, тэдний санал бодлыг сонсон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах боломжийг олгодог давуу талтай.
Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжлэх Үндэсний номын баярыг энэ жил “Илүү их уншъя” уриан дор зохион явуулах бөгөөд баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үндэсний номын баярыг 180 мянга гаруй хүн зорин ирдэг. Номын баярт хүрэлцэн ирсэн хүмүүсийн 95 хувь нь ном худалдан авдаг байна. Дэлхийн 10 улсаас зочид төлөөлөгчид ирдэг бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, олон талт үйл ажиллагаанд нийт 30 мянга гаруй хүн идэвхтэй оролцдог аж.
Үндэсний номын баярын хэвлэл мэдээллийн албан ёсны түншээр МОНЦАМЭ агентлаг ажиллаж, олон улсад англи, орос, хятад, япон хэлээр болон үндэсний бичгээр мэдээллийг бэлтгэн түгээж, 50 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол мэдээлэл бэлтгэн ажиллаж байна.
Ташрамд дурдахад, хэл соёлоо сурталчлах хүсэлтэй соёлын байгууллагуудыг энэхүү номын баярт өргөнөөр оролцохыг зохион байгуулагчид урьж байна.