Орон сууцны хорооллоос зэвтэй ус гарч байгаа асуудлаар холбогдох байгууллагуудад хариуцлага тооцсон эсэхийг тодруулахад УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Хуулиар хүлээсэн чиг үүргийнх нь хүрээнд холбогдох байгууллагад шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх албан бичиг хүргүүлсэн. Одоо шугам угаах гэх мэт түр арга хэмжээ авч байгаа. Гүйцэтгэгч компани болон орон сууцны конторуудад шугам сүлжээгээ шинэчлэх шаардлага тавьсан.
Холбогдох материал олдохгүй байгаатай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагад мэдээлэл өгч, хамтран ажиллаж байна. Шинээр ашиглалтад орж байгаа барилгын шугам хоолой, бусад материал чанарын шаардлага хангахгүй байна. Иймээс норм, дүрэмтэй нь уялдуулах, хяналт тавих механизмыг сайжруулах зэргээр Барилга, хот байгуулалтын яамтай уулзаж, хүсэлт тавин, хамтран ажиллаж байна” гэв.
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Золбин нохой, муурын тоо нэмэгдэж байгаа нь иргэдийн хариуцлагатай холбоотой асуудал. Нийслэлийн зүгээс энэ хүрээнд өргөн цар хүрээтэй ажлуудыг тогтмол зохион байгуулж байгаа” хэмээв. Мөн гарааш чөлөөлсөн талбайд барилга байгууламж, орон сууц барихгүй гэдгийг тодотголоо. Харин цөөн байршилд иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан хорооны байр, өрхийн эмнэлэг барьж байгааг хэлж байв.