Хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 1-9-нд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны тав, нийт 49 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд аюулт үзэгдэл, ослоос зургаан иргэнийг аварч, 1.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 668, аврах ажиллагааны 73, нийт 741 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 20.8 хувиар буурсан үзүүлэлт. Сүүлийн үед амралтын өдрүүдээр шар өвсний түймэр нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногт Гал түймэр унтраах анги болон эргүүлийн бүрэлдэхүүн нийт найман удаагийн өнжмөл шар өвсний гал түймрийн дуудлагаар ажиллаж, 6.2 га талбай шатаж байсныг унтраасан. Мөн цаашид үер, усны эрсдэлээс сэргийлэх ажлыг зохион байгуулна” гэлээ. Хотын дарга ч мөн энэ чиглэлд анхаарч, дүүргийн Засаг дарга нартай хоорондын уялдаа холбоог хангаж ажиллахыг үүрэг болгов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хоол, хүнс үйлдвэрлэл болон барилгын салбарынхантай уулзсан. Улмаар аж ахуйн нэгжүүдээс 33 санал, хүсэлт гарсан бөгөөд Хотын дарга 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн юм. Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй хийж байгаа уулзалтын явц, үр дүн, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаар иргэдээс тогтмол санал асуулга авч, үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж хэвшүүлэх ажлын талаар НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат мэдээлэл өглөө.
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврын өглөө. Тухайлбал,
- Зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээллийг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ил тод, энгийн, ойлгомжтой хэлбэрээр байршуулж, зөвшөөрөл олгох хурлыг 2023 оны тавдугаар сарын 15-наас олон нийтэд нээлттэй шууд дамжуулах ажлыг зохион байгуулах.
- Аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй хийж буй уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай, бүрэн биелүүлж, хэрэгжилт, үр дүнг аж ахуйн нэгж, байгууллагуудад тухай бүр мэдэгдэж, хамтын үйл ажиллагааны уялдаа холбоогоо хангаж ажиллах.
- Иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх иргэдийн санал асуулгыг тогтмол авч хэвшүүлэх, түүний мөрөөр үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хэрэгжилт, үр дүнг иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлж ажиллах.
- Нийслэлийн хэмжээнд эвдрэл, гэмтэлтэй байгаа авто зам болон явган хүний зам талбайг засварлах ажлыг эрчимжүүлэх.
- Зуслангийн бүсийн төлөвлөлт, хаягжуулалт, орц гарц, хашаа, хайс, нүхэн жорлон зэргийг цэгцлэх ажлаа эрчимжүүлж ажиллах.
- Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасын аюулгүй байдлыг хангуулж, ил задгай цахилгаан, кабелын утсыг цэгцлэх, гэмтэлтэй шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг засварлаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
- Инженерийн шугам сүлжээний худгуудын тагны иж бүрэн, аюулгүй байдлыг шалгах, явган хүний зам дээрх худгийн өндөржилт, түвшинг тэнцүүлэх ажлуудаа эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах.
- Үндэсний их баяр наадам, Олон улсын тэмцээн уралдаан, олныг хамарсан арга хэмжээний үеэр гарч болох болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авах, цахилгааны нөөц эх үүсгүүр, насос, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, аюулгүй нөөцийг бүрдүүлж ажиллах.
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ногоон бүсийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах.
- Бүх нийтээр мод тарих өдрөөр хийх ажлын бэлтгэлийг хангуулж, төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй хамруулж зохион байгуулах. Мөн өнгөрсөн жил хэдэн мод тарьснаас хэд нь ургасан талаарх мэдээллийг танилцуулах.
- Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ил задгай архидан согтуурч, танхайрч, иргэдийн ая тухтай байх нөхцөл байдлыг алдагдуулж байгаад анхаарч, хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгов.