УИХ-ын чуулганы тавдугаар сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран 7-гоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх ажлыг гүйцэтгэх зохицуулалттай. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар энэ оны 85 дугаар захирамжаар гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томилсон юм. УИХ-ын гишүүд тойрог, тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод танилцуулж, саналыг авах үүрэгтэй. Энэ дагуу УИХ-ын гишүүд ажиллаж байна.
Баянгол дүүргийн иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж иргэдийн саналыг авав
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар нийслэлийн Баянгол дүүрэгт ажиллаж, иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдээс санал авах уулзалт, хэлэлцүүлгийг эхлүүлээд байна. Уулзалтын эхний өдөр Баянгол дүүргийн 22, 26 дугаар хорооны иргэдтэй уулзаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонссон байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг, тэр дундаа гишүүдийн тоог нэмэх эсэх асуудалд иргэдээс санал авахад дийлэнх нь 108-120 хооронд байхыг дэмжиж байв. Уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэн н.Мөнхбат “Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг дэмжиж байна. УИХ-ын сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх цаг нь болсон. Гэхдээ зөв тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй” гээд, УИХ 108-120 гишүүнтэй байхыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Иргэн н.Чулуунбаатар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол иргэн н.Рагчаа улс орон хөгжихгүй байгаа нь тогтолцоондоо биш, хүндээ байна гэжээ. Иргэн н.Балжинням Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэх нь зүйтэй, олон намын төлөөллийг оролцуулж сонгуулийг мажоритар болон пропорциональ тогтолцоог хослуулан явуулах санал хэлж, УИХ 108 гишүүнтэй байх нь зохистой гэв.
Сонгинохайрхан дүүргийн иргэдэд төслийг танилцуулж, саналыг нь авч байна
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн П.Анужин, Э.Батшугар, Б.Жаргалмаа, Н.Учрал нар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд танилцуулж, саналыг сонсох уулзалт, хэлэлцүүлэг хийж, төслийн талаарх иргэдийн саналыг авчээ. Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр иргэд УИХ-ын гишүүдийн эрх, үүргийг тодорхой болгож, хуулийн хариуцлагыг нэмэгдүүлэх, гишүүдийн тоог нэмж болох ч бие төлөөлөгч, туслахын тоог хасах, салбар, салбарын төлөөллийг багтаах, тогтолцоог өөрчлөх, “давхар дээл өмсөх”-гүйгээр дор бүрнээ хариуцсан ажилдаа эзэн нь байж, зөв шийдвэр гаргаж байх нь чухал гэх зэрэг саналыг хэлсэн байна. Түүнчлэн улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үүднээс Улсын Их Хурлыг 100-123 гишүүнтэй болгох нь зүйтэй гэдэг саналыг олонтаа хэлж байсан аж. Тус уулзалт, хэлэлцүүлгийн үеэр иргэд, олон нийтийн дийлэнх нь уг төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүд иргэдийн саналыг албан ёсоор УИХ-д хүргүүлэн ажиллахаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Сонгинохайрхан дүүргийн 12-17, 30, 31, 43 дугаар хороодын иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцуулж, иргэдийнхээ үзэл бодол саналыг сонсох уулзалт, хэлэлцүүлэг хийв. Уулзалтад 350 гаруй иргэн оролцож, 17 хүн санал хэлсэн бөгөөд 11 иргэн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол 4 иргэн дэмжихгүй байгаа гэв. Санал хэлсэн иргэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхдээ 152-оос цөөн байх нь зөв, парламентын бүрэлдэхүүнийг өргөжүүлснээр өрсөлдөөн, шударга ёс ноёлж, ил тод байдал хангагдах ач холбогдолтой гэдэг саналыг хэлж байв. Мөн УИХ-д салбар салбарын төлөөллийг багтаах, намууд ард түмний төлөө гэсэн сэтгэлтэй, авлигаас ангид, ёс зүйтэй, эрдэм боловсролтой, чадварлаг, зөв хүмүүсийг нэр дэвшүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Хэнтий аймгийн иргэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд анхааралтай хандаж байна
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат энэ өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцуулж, иргэдийн байр суурийг сонсож, саналыг нь хүлээн авах уулзалтуудыг хийж байна. Тэрбээр Батширээт сумын иргэдийн төлөөлөлтэй уулзаж, төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, саналыг сонслоо. Иргэдийн зүгээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг анхаарч, идэвхтэй оролцох хүсэлтээ илэрхийлж байв. Тус суманд болсон уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон 11 иргэн санал хэлж, байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, Батширээт сумын Норовлин багийн иргэн н.Борхүүхэн “Хуулийн төсөлд тусгагдсан 152 мандат бол эцсийн буюу дээд хязгаар гэж ойлгосон. Тиймээс 152 гэлгүйгээр 120 ч гэх зэргээр дунджаар авч үзэх ёстой. Нэр дэвшин, УИХ-ын гишүүнээр сонгогдож байгаа хүмүүс салбар салбарын хүмүүс байх ёстой. Эмэгтэйчүүдийн төлөөллийг зохих ёсоор хангах хэрэгтэй” гэжээ. Онон багийн иргэн н.Алтанхуяг, Б.Баярсайхан, н.Цэндсүрэн нар УИХ-ыг 152 гишүүнтэй болгох нь зөв бөгөөд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэж байв. Харин парламентын бүрэлдэхүүнийг өргөжүүлэхийн хэрээр нийгмийн бүлгүүд, салбарын төлөөллийг хангаж, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэн сахиулах, шаардлагатай тохиолдолд сонгогчид төлөөллөө эгүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой саналуудыг хэлж байлаа. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат үргэлжлүүлэн Хэнтий аймгийн Гурванбаян тосгонд ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцуулж, иргэдийн саналыг авсан байна. Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд гишүүдийн тоог 152 болгож, 76 гишүүнийг мажоритар аргаар, 76 гишүүнийг пропорциональ аргаар сонгохоор тусгасан. Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад олон намын төлөөллийг оролцуулж, УИХ-ын сонгуулийг мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулах нь зүйтэй хэмээн онцлоод, гишүүдийн тоог 120 байхыг дэмжиж байгаагаа хэлж байв.
Баян-Өлгий аймгийн иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг авав
УИХ-ын гишүүн Х.Баделхан УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрбээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцуулж, иргэдийн байр суурийг сонсож, саналыг нь хүлээн авах уулзалтуудаа Сагсай суманд эхлүүлжээ. Уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэд УИХ-ын сонгуулийг мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулахыг, түүнчлэн ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг дээшлүүлж, сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Ингэхдээ санал хэлсэн иргэдийн зарим нь тоог нь төсөлд туссан хувилбараар арай багасгах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа хэлж байв.
Орхон аймгийн иргэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл авч, саналаа илэрхийллээ
УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймагт ажиллаж байна. Тэрбээр Орхон аймгийн Жаргалант сумын иргэд, Баян-Өндөр сумын Дулааны цахилгаан станцын ажилтнууд, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтнуудад Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг холбогдох судалгаа мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулав. Төсөл батлагдсанаар иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасах ач холбогдолтой гэдгийг Д.Батлут гишүүн тайлбарласан. Түүнчлэн нутгархах, тойрогжих хандлага хоёр дахин буурч, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй төвлөрөхийн сацуу парламентын дархлаа хоёр дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл мөн хэмжээгээр буурах зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэд төслийг талаар байр сууриа илэрхийлж, тодорхой саналуудыг илэрхийлсэн байна.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж байна
УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу гишүүд тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулахын зэрэгцээ тэдний байр суурийг сонсож, саналыг нь авч ажиллаж байна. УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар дээрх захирамжийн дагуу нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар эхлээд тус дүүргийн 1, 2, 3 болон 4, 7, 8 дугаар хорооны иргэд, олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа. УИХ-ын гишүүд тойрогтоо 7 хоногийн хугацаатай ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулан, иргэдийн байр суурийг сонсож, холбогдох саналыг авч, нэгтгэнэ. Ийнхүү нэгтгэсэн тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх бөгөөд тус Байнгын хороо иргэдийн саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт 18-ны дотор хүргүүлэх юм.