Он гарснаас хойш нийслэлд 14 цэцэрлэг, 7 сургууль, 2 бага сургуулийг ашиглалтад оруулаад байна. Мөн цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 122 обьектыг түрээсэлж, хүртээмжийг нэмжээ.
Төр, хувийн хэвшлийн сургуулийн хэмжээнд сурагчийн 288 автобус үйлчилгээнд явахаас 50 нь улсын сургуулийнх юм. Сурагчийн үдийн хоол үйлдвэрлэлийн тухайд 60 сургууль өөрийн гал тогоотой. Харин 90 сургууль сурагчдадаа түрээсээр дээрх үйлчилгээг хүргэнэ.Түүнчлэн, замын ачаалал ихтэй хэсгүүдэд 58 сургуулийн хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалт хийхээр төлөвлөөд байгаа аж.
“Энэ жил 28 сургуулийг бие даасан гал тогоотой болгох”-оо НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хурлын үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин 2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэлийн талаар танилцуулсан мэдээлэлдээ дурдав.
Энэ хичээлийн жил нийслэлд төр, хувийн хэвшлийн 667 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Эдгээр цэцэрлэгт 142 798 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 15 147 багш, ажилтан ажиллах юм. Цэцэрлэгийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулахад 116 337 хүүхэд цахимаар бүртгүүлжээ. Удахгүй хоёрдугаар шатны бүртгэл хийж, баталжуулна.
Харин ерөнхий боловсролын 307 сургуульд 384 676 хүүхэд суралцана. Үүнд 23 372 багш, ажилтан ажиллах юм. Одоогоор нэгдүгээр ангид 38 356 хүүхэд цахимаар бүртгүүлж, элсэн суралцах хүсэлт гаргаад байгаа аж.