Өнөөдөр/2017.09.13/ БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Дэлхийн банкнаас Монгол Улсын боловсролын салбарт үзүүлж ирсэн, одоо хэрэгжүүлж байгаа дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагааг хэрхэн үр дүнтэй үргэлжлүүлэх тухай ярилцав. Тодруулбал, 2017 оны 3 дугаар сард Дэлхийн банкнаас Засгийн газарт танилцуулсан СӨБ үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн үр дүн ямар байгаа талаар хийсэн судалгаан дээрээ үндэслэн СӨБ-ийг тэгш хүртээмжтэй чанартай эзэмшүүлэх зорилгоор шинэ төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй буйг илэрхийллээ.
Судалгаагаар нийслэлийн болоод орон нутгийн хүүхдүүд СӨБ-ын үйлчилгээг тэгш хүртээмжтэй авч чадахгүй байна гэж үзсэн байна. Төслийг хэрэгжүүлэхдээ төлөвлөсөн гэр хороолол болон цэцэрлэгийн хүртээмж хязгаарлагдмал газруудад шинэ цэцэрлэг барих, одоо байгаа хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 15 сая ам.доллар орчмыг зарцуулах боломжтой гэж Дэлхийн банкнаас тооцоолсон байна. Мөн хөдөөгийн малчдын хүүхдэд зориулсан гэр бүлийн орчинд СӨБ олгох хөтөлбөрийг үндэсний хэмжээнд өргөжүүлэх зорилготой байгааг илэрхийлсэн юм.
Уулзалтад БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсон, Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжиж байгаа боловсролын салбарын төслүүдийн багийн ахлагч Рабиа Али, БСШУСЯ-ны Олон улсын төсөл хөтөлбөр гадаад хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Ж.Бямбацогт, СӨБ бодлогын газрын дарга С.Болормаа, олон улсын төсөл хөтөлбөр гадаад хамтын ажиллагааны бодлогын газрын мэргэжилтэн Д.Түвшинтөгс, Д.Алтанбилэг нарын албаны хүмүүс оролцлоо.