Өмнөх жилүүдтэй харьцуулахад өвөлжилт харьцангуй эрт хүндэрч, улсын хэмжээнд 11 аймгийн 40 гаруй сум, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд “шилэн зуд” нүүрлээд байгааг Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Мөн нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтож, 70 орчим хувьд зудын эрсдэл өндөр байна.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчидтай уулзаж, холбогдох арга хэмжээ авахаар орон нутагт ажиллав.
Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн ч цас их орсны улмаас отор нүүдлийн тоо нэмэгджээ.
Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг сумын хувьд зундаа гандуу, өвс ургамлын гарц муу байсан. Нийт малчин өрхийн 90 гаруй хувь нь Заг, Жаргалант, Хүрээ марал зэрэг зэргэлдээ сумын нутагт оторлож байгаа. Намрын сүүл сараар орсон цас бүрэн хайлж амжаагүй хүйтэрч, шинэ цас орсноос мөсөн бүрхүүл тогтож, мал идэх өвсгүй болоод байгааг сумын удирдлагууд хэлэв.
Баянхонгор аймгийн хувьд энэ жилийн мал тооллогод 4 сая 72 мянган толгой мал тоолуулжээ. Өмнөх жилтэй харьцуулахад өссөн бөгөөд улсын дунджаас 9,5 хувь дээгүүр дүнтэй гарчээ. Өвөлжилтийн бэлтгэлийг хангаж, сумдуудыг хэрэгцээт нөөцүүдээр хангасан ч өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна. Зудын эрсдэлийн зургаас үзвэл Баянхонгор аймгийн нийт нутгийн 8.4 хувь нэн их, 42,9 хувь их эрсдэлтэй, 43.8 хувь дунд эрсдэлтэй, 4,5 хувь нь бага эрсдэлтэй гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, аймгийн нийт нутгийн 95 орчим хувь нь зудын эрсдэл нэн их буюу их байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн нийт нутаг цасан бүрхүүлтэй, хангайн хойд сумдаар тэгш талдаа 0-30 см зузаан цас тогтсон. Энэ зун гантай, гандуу байсан говийн болон хангайн бүс нутгаар зудын эрсдэл их зэрэглэлд байна. Баянхонгор аймгийн Богд, Баянлиг сумаас 16 өрхийн 7.6 мянган толгой мал Өвөрхангай аймагт отор нүүдэл хийж байгаа.
Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргийн малчид, мал бүхий иргэдэд улсын нөөцөөс 4015 тонн хивэг, 1274 тонн хорголжин тэжээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 50 хувийг хөнгөлөн олгох асуудлыг Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Энэ дагуу аймаг, сумдын онцгой комисс хуваарилалт хийж, зохион байгуулж байгааг Баянхонгор аймгийн Засаг дарга Т.Мөнхсайхан хэллээ.
Орон нутагт дизель түлшний нөөцийг тасалдуулахгүй байх нэн тэргүүний хэрэгцээ бий. Ялангуяа отрын бүс нутагт нүүдэллэж байгаа өрхүүдэд онцгой анхаарах шаардлагатайг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар аймаг, сумын удирдлагуудад сануулав.
Хөдөө орон нутагт малын тоо толгой хэт нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрснээс үүдэж олон бэрхшээл үүсэж байгааг малчид хэлж байна. Мөн өвс тэжээл бэлтгэх чиглэлээр хамтарсан арга хэмжээ авах, мал сүргээс хүртэх үр шимийг нэмэгдүүлэх зорилгоор малчид хамтарч хоршоолж ажиллах зайлшгүй шаардлага байгаа ч тодорхой зохицуулалт хэрэгтэй гэлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нүүдлийн мал аж ахуй, малчин өрхүүдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх “Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо” байгуулах санаачилга гаргаж, Хэнтий, Баянхонгор аймагт байгуулжээ. Тэрбээр, Хувиа бодож бэлчээрээ ашигласаар байвал мал аж ахуй тэсэж үлдэхэд улам л бэрх болсоор байна. Мал, малчин, бэлчээр гурав шүтэн барилдлагатай. Энэ гурав бие биеэ нөхөн сэргээдэг системийг бий болгож, малчид хоорондоо нэгдмэл шинж чанартай ажиллах хэрэгтэй. Цаашлаад 21 аймагт холбоог байгуулах, холбооны талаар хуулийн төсөл боловсруулж буйгаа танилцуулав.
Монгол Улсын мал аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 8.9 их наяд төгрөг байгаа ч мал сүргийн ашиг шимийн бууралт, мөн боломжит нөөцийг ашиглаж чадахгүй байгаагаас шалтгаалж үүнийг 2.5-3 дахин нэмэгдүүлэх боломжоо алдаж байгааг судлаачид тооцсон. Энэ боломжийг бий болгох, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ үйлдвэрлэгчээс - борлуулагч - нэмүү өртөг бүтээгч - ашгаа өөрсдөө хүртэгч малчин өрхүүдийн системд шилжүүлэхэд уг холбооны гол зорилго оршино гэдгийг Улсын Их Хурлын дарга хэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.