Нийслэлд өнөөдрийн байдлаар сар шинийн баяр цагаан сарыг угтсан төвлөрсөн үзэсгэлэн худалдаа гурван газар гарч байна.
“Шинэ 100 айл” төвд нэгдүгээр сарын 15-нд нээгдсэн “Амар байна уу?” үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн мянга гаруй бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нар, малчид түрээсийн төлбөргүйгээр оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ борлуулж байна. Энд худалдаа хийх зай, талбай их, автомашины зогсоолтой юм.
Тус үзэсгэлэн худалдаа руу өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээ эхэлж, 50 автобус явуулахаар төлөвлөж байна хэмээн Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн сургалт судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л. Цолмонтуяа хэллээ.
Улсын их дэлгүүрийн 7 давхарын үзэсгэлэнгийн танхимд “Хариуцлагатай нүүдэлчин” үзэсгэлэн худалдааг малчдын хоршоо, үндэсний үйлдвэрлэгчид хамтран зохион байгуулж, экспортод гаргах бүтээгдэхүүнийг голчлон дэлгэжээ.
Цагаан сарын "Амар байна уу?" үзэсгэлэн худалдаа руу өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээ эхэлж, 50 автобус явуулахаар болсныг Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийн сургалт судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л. Цолмонтуяа мэдээллээ.
Гурав дахь үзэсгэлэн худалдаа “Миний Монгол-2024” нь “Хүннү молл” худалдааны төвд нэгдүгээр сарын 13-наас нээгдээд байна. Хоёрдугаар сарын 8 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэн худалдаагаар ЖДҮ эрхлэгчдийг түлхүү дэмжиж буйг зохион байгуулагч “Глобал эвент” компани, Төрийн банкны удирдлага хэлж байна. Энд аймаг, орон нутгаас ирсэн үндэсний үйлдэрлэгч, ЖДҮ эрхлэгч нар өөр өөрсдийн нутгийн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ.
Дараагийн үзэсгэлэн худалдаа нь маргааш, нэгдүгээр сарын 18-нд “Мишээл Экспо”-д нээгдэх “Цагаан идээ-2024” үндэсний сүү, сүүн бүтээгдэхүүний худалдаа юм.
Нийслэлд сар шинийн баяраар 100 мянган өрх цагаан сарын бэлгийг тогтмол бэлддэг, нэг айл 300-400 мянган төгрөг зарцуулдаг судалгаа 2020 онд гарч байв. Энэ нь нийтдээ 40 тэрбум орчим төгрөг болж байв. Үүний 80 орчим хувийг БНХАУ-ын бараа бүтээгдэхүүн эзэлж байлаа. Сүүлийн жилүүдэд цагаан сарын өдрүүдэд улсын хэмжээнд 200-500 тэрбум орчм төгрөг хэрэглээнд зарцуулж буй тооцоо гарчээ.
Цагаан сарын үзэсгэлэн худалдаанд худалдаж буй бүтээгдэхүүний дундаж үнийг сонирхуулвал:
- Хонины ууц кг, жижиг томоос шалтгаалж дунджаар 200-500 мянган төгрөгийн үнэтэй байна. (Нийслэлийн Дэнжийн мянгын “Хүчит шонхор” зах болон 7 буудалд мөн ийм үнэ ханштай байна).
- ааруул 20-35 мянган төгрөг,
- Хорхой ааруул 28-35 мянга
- Хэвтэй ааруул 35-40 мянга
- Урт хэвтэй ааруул ком нь 340-360 мянга
- Аарц кг нь 6 мянга
- Өрөм 25 мянга
- Монгол шар тос 35-40 мянга
- Цөцгий 25 мянган төгрөгийн үнэтэй байна.
- Даршилсан ногоо:
- лууван, өргөст хэмхийн салат 6-8 мянган төгрөг
- 1,5 литр байцааны салат 10 мянган төгрөг
- утсан загас 30-35 мянган төгрөгийн үнэтэй байна.