Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг зургадугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг Нийслэлийн татварын газраас анхаарууллаа.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу энэ сард 5 болон 0-ээр төгссөн улсын дугаартай автомашины жолооч төлбөрөө төлөх ёстой.
Хэрвээ заасан хугацаанд төлөөгүй бол дараах торгуулийг ноогдуулах юм байна. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгаар татвар төлөхөөс зайлсхийсэн хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг ажээ.