Долоо хоногийн эхний өдөр эх орны цэрэг ,батлан хамгаалах салбарынхан Сүхбаатарын талбайд Нээлттэй хаалганы өдрөө хийж хөл хөдөлгөөн ихтэй эхэллээ.
БХЯ, ЗХЖШ, ҮБХИС, Нийслэлийн болон дүүргүүдийн Цэргийн штаб, яамны харьяа, аж ахуйн нэгж, байгууллага хамтран цагаан асруудаа босгон, эргэн тойрон цэргийн зэвсэг техникээ байрлуулж, иргэдэд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагаагаа 10:00-17:00 цаг хүртэл сурталчлах юм. Нээлттэй хаалганы өдөр “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-тэй давхцаж байгаагаараа онцлогтой.
БХЯ, ЗХЖШ-ын бүтцийн нэгж, харьяа байгууллагууд бүтэц зохион байгуулалт, үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааныхаа талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийж байна. Мөн иргэдийн сонирхсон асуултад мэргэжлийнхэн бүрэн хариулт өгч, холбогдох үйлчилгээг үзүүлж буй юм.
Тодруулбал БХЯ болон Батлан хамгаалахын төв архивын лавлагааг авах боломжтойгоос гадна офицер, ахлагчийн алба хаах журмын талаар мэдээлэлтэй иргэд танилцаж байна. Мөн үеэр Батлан хамгаалах яамны долоо хоног тутмын дотоод үйл ажиллагаа, гаднаас иргэдийг хүлээн авах журамтай танилцан өргөдөл, гомдлын хариуг газар дээр нь авах боломжийг бүрдүүлсэнд иргэд ам сайтай байв. Олон нийтэд зориулсан саналын хайрцаг ч ажиллаж байна.
Энхийг сахиулах болон Олон улсын ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэрэг дайчдын оролцооны талаар зурагт самбар, видео бичлэг, хүндэт харуулын цэргүүдийн жагсаалын үзүүлбэрээс үзэж болохоор байна. Түүнчлэн гадаадад үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчидтай ар гэрийнхнийг нь утсаар шууд холбон яриулж байв.
“Нээлттэй хаалганы өдөр”-ийг сонирхохоор ирсэн иргэд Цэргийн төв эмнэлгийн үйлчилгээнд хамрагдаж байлаа. Тухайлбал, хөдөлгөөнт хээрийн лабораториор рентген зураг авах, эхо, зүрхний бичлэг хийх, нүд, чих хамар хоолойн эмч үзлэг хийж, сахарын хэмжээг тогтоох зэрэг үйлчилгээг үзүүлж байна.
Энэ үеэр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн элсэлтийн журам, сургалтын тогтолцоо, цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж буй тэнхмүүд сурталчилгаагаа хийж байлаа.
БХЯ-ны харьяа “Бөртэ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын хамт олон дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдааг гаргасан нь олны сонирхол татав. Улмаар Батлан хамгаалах салбараас хэрэгжүүлж байгаа Зам тээвэр, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол, зөрчил, хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг түгээсэн гээд салбарын цогц арга хэмжээг нэг дороос авах боломж бүрдсэнд иргэд ам сайтай байна.