“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ долоо хоног үргэлжилнэ

“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр Мишээл экспо төвд эхлэж, эх орны хөрс шороонд тарьж ургуулсан бүтээгдэхүүнээ нийслэлчүүддээ худалдаж эхэллээ.

Мягмар гарагаас буюу энэ сарын 19-нөөс 25-ны өдрүүдэд зохион байгуулах Монгол орны хөрсөн дээр тарьж ургуулсан хүнсний ногоо, жимс, зөгийн бал, гурил зэрэг бүтээгдэхүүний өргөн худалдааны арга хэмжээнд нийслэлийн болон 21 аймгийн 118 иргэн, аж ахуйн нэгжүүд оролцож байна.

Тус арга хэмжээ нь хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч олон түмэндээ хүргэх зорилготой.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2017” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Мөн нийслэлд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа юм.

“Намрын ногоон өдрүүд-2017” нэгдсэн арга хэмжээний үеэр есдүгээр сарын 21-нд “Органик хөдөө аж ахуйг дэмжье”, есдүгээр сарын 22-нд “Амтат балны ашиг тус”, есдүгээр сарын 23-нд “Эх орны сүү- Эрүүл хүнс”, есдүгээр сарын 24-нд “Ногоон хүнс-эрүүл амьдрал” өдөрлөгүүдийг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.