З.Нарантуяа: Үг, үйлдэл нь зөрдөггүй Засгийн газар бүрдүүлээсэй

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-Намрын чуулган эхлэх дөхлөө. Ирэх оны төсөв, мөнгөний бодлого, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл гээд хуулийн хугацаанд багтаан батлах ёстой их ажил та бүхнийг хүлээж байгаа. Гэтэл эдгээрийг боловсруулж, тооцоо судалгаа хийж байх ёстой Засгийн газар огцорчихлоо?
-Өнгөрсөн болон энэ сард орон нутгийнхаа төсөв санхүүгийн асуудлыг шийдэх, чухал шаардлагатай бүтээн байгуулалтын санхүүжилтийг төсөвт суулгах ажил хөөцөлдөж, салбарын яамдад асуудал танилцуулан, шийдүүлэх талаас нь яриад, овоо ахицтай явтал Засгийн газар огцорчихлоо.

Засгийн газар огцорлоо гээд төрийн ажил эзэнгүйдэхгүй, цаашаа үргэлжлэх ёстой. Харамсалтай нь, манайд сайд солигдох бүрт газар, хэлтсийн дарга нар солигддог гажиг бий болсон. Энэ нь Монгол төрийн чадамжийг устгаж байгаа. Одоо энэ нь давтагдах байх. Яагаад гэвэл Төрийн албаны тухай хууль шинэчлэгдээгүй. Энэ удаа эрх баригчид Засгийн газраа хурдан бүрдүүлж, ажлаа годрилд нь бушуухан оруулаасай гэж бодож байна. Өвөл хаяанд ирсэн намрын их ажлын үеэр ингэж зохион байгуулалт, бүтэц, сандал суудлын асуудал яриад суух нь харамсалтай, хариуцлагагүй хэрэг.

Шулуухан хэлэхэд Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүү, мөнгөний нэгдсэн бодлогыг зангиддаг УИХ, Засгийн газар дорвитой ажиллаж чадахгүй байгаа учраас мөнгөний бодлого Монголбанкны хэдэн ажилтны тодорхойлсноор, төсвийн бодлого Сангийн яамны мэргэжилтнүүдийн тавьсан тоогоор л явж байна. Яамд хоорондын бодлогын уялдааг ЗГХЭГ зангидах ёстой. Гэтэл тэнд бодлого биш, өөр зүйл зангидагдаж байна.

-Огцорсон Засгийн газрыг хэр ажилласан гэж дүгнэх вэ?
-Эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр богино хугацааны үр дүнтэй, хямралыг тогтворжуулах тодорхой ажил хийсэн. ОУВС-тай хөтөлбөр тохирч, төсвийн алдагдал нэмэхгүй, тодорхой хэмжээнд эдийн засгийн өсөлтийг хангах суурь үзүүлэлтүүдийг хэвийн байлгах чиглэлээр ажилласан. ОУВС-гийн хөтөлбөрийн дагуу төсвийн сахилга, хариуцлага, удирдлага, зохион байгуулалтад нэлээд анхаарлаа. Үүний үр дүнд төсвийн алдагдал бага, багаар буурч байна. Гэхдээ энэ нь Засгийн газрын ажлын үр дүн гэхээсээ илүү экспортын хоёр гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээлд өсөж, экспорт нэмэгдсэнтэй холбоотой.

-Тэгвэл юун дээр хангалтгүй ажилласан бэ?
-Дунд, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах ажил огт хийгээгүй. 2016-2017 оны төсвийг батлуулахдаа энэ ажлын эхлэлийг ч тавьж чадаагүй. Энэ талаар би олон удаа байр сууриа илэрхийлсэн. Засгийн газар цөөнхийн эрүүл шүүмжлэлийг хүлээж аваагүй учраас дотроосоо хүчтэй шүүмжлэлийн шуурганд өртлөө.

-Төсвийн орлого өсөж, алдагдал буурсан л гээд байгаа. Үүний цаана өөр эерэг болон сөрөг ямар үзүүлэлтүүд дурдагдахгүй өнгөрч байгаа бол. Эдийн засагч гишүүний хувиар ажиглаж байгаа зүйлээсээ хуваалцаач?
-Төсвийн үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөж байна вэ гэдгийг би байнга ажиглаж байгаа. Энэ оны хагас жилийн байдлаар төсвийн нэгдсэн тэнцлийн алдагдал өнгөрсөн оны мөн үеийнхээс буурч, 1.9 их наядаас 676 тэрбум төгрөг болсон. Гэхдээ өнгөрсөн жилийн төсвийн алдагдлын тал хувь нь бодит бус, бичилтийн алдагдал байсныг хэлэх хэрэгтэй. Төсвийн орлого 28 хувиар өсөж, зарлага 10.5 хувиар буурсантай холбоотойгоор төсвийн алдагдал багасаж буй.

Дэлхийн зах зээл дэх экспортын бүтээгдэхүүний үнэ өссөн, НӨАТ, аж ахуйн нэгжийн орлогын татвар сайн төлөгдсөн нь орлого даван биелэхэд голлон нөлөөлсөн. Өнгөрсөн жилүүдэд НӨАТ-ыг хураах бүртгэлийн системийг сайн хийж, урамшууллын механизмтай болгосон болохоор хүн бүр үүнд бүртгүүлж, хамрах хүрээ нь өргөжсөн. Аж ахуйн нэгжийн орлогын татварын тухайд, нүүрс, зэс олборлодог уул уурхайн компаниудын орлого сайн байсантай холбоотой.

Татварын бус орлого биелээгүй, гүйцэтгэл нь 70-аад хувьтай байгаа. Өмч хувьчлалын орлогоос 600-700 тэрбум төгрөг олно гэсэн нь талдаа ч хүрээгүй, 37 хувьтай яваа. Эндээс эрх баригчид татварын бус орлого төвлөрүүлэх чиглэлээр огт ажиллахгүй байна гэсэн дүгнэлт хийж болно.

Эдийн засгийн өсөлт гарвал эрх баригчид бидний гавьяа гэж ярьдаг. Харин өсөлтөө яаж үр ашигтай байлгаж, нөөц хуримтлал бий болгох вэ гэдгээ мэддэггүй. 2011 онд эдийн засаг 17 хувиар өсөхөд төсвийн зардлаа 56 хувиар нэмсэн. Одоо яг ийм алдаа давтагдах гэж байна. Энэ онд 4.2 хувийн өсөлт гарахад төсвийн зардлаа, тэр дундаа урсгал зардлаа 85 хувиар нэмсэн байна. Нийт зардалд эзлэх урсгал зардлын хэмжээ 85 хувь болж өссөн нь төрийн албыг томруулж, цалин, бичиг цаас, унаа машины шатахуунд их мөнгө зарцуулж буйг харуулж байгаа юм. Мөн хөрөнгийн зардал нэлээд өссөн. Энэ оны долдугаар сарын 31-ны байдлаар компьютер, ширээ сандал, машин тэрэг гэх мэт хөрөнгө худалдаж авахад 440 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ нь бас л төрийн алба томорсонтой холбоотой. Нэг удаагийн урамшуулал, тэтгэмжид зарцуулах мөнгө төсөвлөснөөс маш их илүү гарсан харагдсан. Эндээс хүмүүсийг шахаж тэтгэвэрт нь суулгах юм уу, ажлаас нь гаргаж, төлөвлөөгүй тэтгэмж өгч байна гэж харахаар байгаа.

Төрийн өмчит компаниуд төсөвт оруулахаар тооцсон орлогоо оруулаагүй. 2014 оны мөн үед төрийн өмчит компаниуд 50 орчим тэрбум төгрөг төсөвт оруулсан байсан бол энэ жил 13 тэрбумыг оруулж. Төрийн өмчит компаниудын тэр их хөрөнгө мөнгө хаашаа, хэний халаас руу ороод байна вэ гэдгийг бид бүхэлд нь авч үзэх хэрэгтэй.

-Татвар төлөгчид л ачааны хүндийг үүрсэн нь таны хэлсэн тоонуудаар батлагдаж байна?
-Тэгж хэлж болно. Татвар нэмсэн, НӨАТ-ын механизм сайн ажиллаж буйтай холбоотойгоор орсон орлого 30 хувийг, зэс, нүүрсний үнэ өсөж, экспорт нэмэгдсэнтэй холбоотой орлого 70 хувийг бүрдүүлж байгаа.

-Дараагийн Засгийн газар хэрхэн ажиллаасай, ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байгаасай гэж бодож байна вэ?
-Өмнөх Засгийн газар хэлсэн ярьсныхаа эсрэг явсаар байгаад огцорлоо. Тухайлбал, ОУВС-тай тохиролцсоноо нэг биш удаа зөрчлөө. Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гаргасан өндөр өртөгтэй дотоодын үнэт цааснуудынхаа төлбөрийг хүү багатай эх үүсвэрээр төлөх, гадаад төлбөр тооцоогоо барагдуулахад таатай нөхцөлтэй эх үүсвэр олох нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах үндсэн зорилго байсан. Ингээд хөтөлбөрт хамрагдахдаа төсвийн орлого нэмэгдвэл алдагдлаа бууруулах, эсвэл дараа онд төлөх гадаад зээлийнхээ төлбөрт зориулан хуримтлуулах үүрэг хүлээсэн.

Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө төсвийн тодотгол хийлгүйгээр төсвийн орлогоос 148 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгө, бусад нэг удаагийн халамж хэлбэрээр тараасан. Татварын орлого даван биелж, бид мөнгөтэй болсон учраас халамжийн бодлогоо үргэлжлүүлж, мөнгөө тараая гэж хандаж огт болохгүй цаг үе шүү дээ. Тэгэх л юм бол өмнөх алдааг давтана. ОУВС-тай тохиролцсон өөр нэг зүйл нь хөрөнгө оруулалтын зардлыг царцааж, барих, шилжүүлэх концессыг зогсох байсан. Гэтэл долоон концессын гэрээ байгуулсан нь илэрч, энэ нь Засгийн газар огцрох гол шалтгаан боллоо.
Ингэж хэлсэн ярьсныхаа эсрэг алхдаг хариуцлагагүй Засгийн газар, ийм төр байх юм бол иргэд, хөрш болон харилцдаг улс орнууд бидэнд итгэхгүй. Ийм Засгийн газар дахин бүү гараасай.

Хариуцлагатай байя гэж хашхирснаар хариуцлагатай болохгүй. Ийм байя гэвэл наад зах нь үг, үйлдэл хоёроо нэг болгох ёстой. Үг, үйлдэл нь нийлдэг, хариуцлагатай Засгийн газар бүрдүүлээсэй.

-Таны хэлж байгаа шиг хариуцлагатай Засгийн газар бүрдэж чадах болов уу?
-Эргэлзээтэй. Н.Номтойбаяр гишүүн “Сайдын суудал нь 17, сайдад горилогч нь 65 болчихоод байна” гэж гашуун ч гэсэн үнэнийг хэлсэн. Сая Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, огцруулсан 33 гишүүн үнэхээр гүйцэтгэх засаглалын цэвэр, тунгалаг үйл ажиллагааны төлөө зогсож чадах уу, үгүй юү гэдгээс олон зүйл шалтгаална. Энэ хүмүүс ярьсан шигээ шударга байх юм бол шинээр бүрдэх Засгийн газарт мэргэжлийн, чадварлаг хүмүүс орж ирнэ. Зүгээр л засгаа унагахын тулд шударгын дүрд тоглосон бол бас харагдана. Үүнийг мэдэхэд маш амархан. Хараад л сууж байя.

-Эдийн засагч, улстөрч хүний хувьд харахад шинэ Засгийн газраас юу хүлээж болохоор байна вэ?
-Сонгогчид 65 суудал өгөхдөө МАН-д маш их итгэл хүлээлгэсэн. Харамсалтай нь, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, дэвшүүлж буй зорилго, эдийн засгийг тогтворжуулах баримт бичиг зэргээс харахад эдэнд Монгол Улсыг ийм арга замаар хөгжүүлье гэсэн тодорхой бодлого байгаагүй. Уг нь улс төрийн нам сонгуульд яллаа гэхэд маргаашнаас нь хэрэгжүүлэх бодлого нь тодорхой, түүндээ хүрэх арга зам нь мөрийн хөтөлбөртөө туссан байдаг шүү дээ. Гэтэл МАН ийм стратериа бэлтгэж амжилгүй сонгуульд орж, ялсан юм банйа гэсэн дүгнэлтийг би хийгээд байгаа. Тийм учраас ОУВС-тай тохиролцсон ойрын зайн ажилдаа анхаараад, дунд, урт хугацааны бодлого, эдийн засгийг солонгоруулах, тогтвортой хөгжлийн суурь болох гол ажлуудаа хийж чадахгүй байна. Намынх нь бодлого тодорхой биш юм чинь ямар ч Засгийн газар байгуулагдаад дорвитой ажил хийж чадахгүй. Тиймээс дараагийн Засгийн газраас нэг их зүйл хүлээхгүй байна.

-ОУВС-гийн дараагийн санхүүжилт хойшилсон, хойшлоогүй хэмээн нэгнээ үгүйсгэсэн мэдээлэл ар араасаа гарч, уншигчдыг эргэлзүүлээд байна. ОУВС-гийн хөтөлбөр зогсчихгүй байгаа?
-Төсөв санхүүгээ хариуцлагатай болгоно, алдагдлаа бууруулна, эдийн засгаа тогворжуулна гэсэн үүрэг улсаараа хүлээгээд, бид ОУВС-гийн хөтөлбөрт нэгэнт хамрагдсан. Энэ хөтөлбөрт хамрагдах ёстой гэж санаачилж, манлайлан батлуулсан нь МАН-ынхан. Тэгэхээр шинэ Засгийн газар ОУВС-гийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, хөтөлбөрийг үргэлжлүүлнэ байх.

Үргэлжлүүлэхгүй байх гарц ч байхгүй. ОУВС-гийн хувьд тохиролцсон зүйлүүдийг нь шинэ Засгийн газар мөрдөж ажиллаж чадах уу, үгүй юү гэдгийг ажиглаж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд өгөх мөнгөө ямар төсөлд зарцуулах вэ гэдгээ шинэ Засгийн газартай тохиролцно. Тийм ч учраас шинэ танхим бүрдтэл ямар нэг үйлдэл хийхгүй хүлээлтийн байдалд орж, санхүүжилтээ царцаачих шиг боллоо.

-Намрын чуулганы хугацаанд ямар асуудалд анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөж буйг тань сонирхож болох уу?
-Цаг ашиглаж ажлаа амжуулах гээд зуныг нэлээд завгүй өнгөрүүллээ. Эдийн засгийг дунд, урт хугацаанд тогтвортой байлгаж, өсөлтийг дэмжихийн тулд санхүүгийн салбарын хуулиудыг шинэчилж, өөрчлөх нь хамгийн чухал байгаа. Энэ чиглэлийн хэд хэдэн төсөл намрын чуулганд өргөн барихаар судалгаа хийж, боловсрууллаа. Би Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байх үедээ санхүүгийн салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр боловсруулсан. Үүнийгээ дахин харж, шинэчлэхийг нь шинэчилээд Засгийн газраас санал авч, УИХ-д өргөн барихаар зэхэж байна.

Санхүүгийн үйлчилгээг хамгийн хямд зардлаар хүртээмжтэй хүргэж чадах юм бол иргэд бодит орлогоо нэмэгдүүлэх, ядуурлаас гаргах нэг чухал хэрэгсэл болдог. Тэр утгаараа санхүүгийн бүх үйлчилгээг цэгцэлсэн хууль хэрэгтэй байгаа. Одоо хэрэгжиж буй Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль зөвхөн зээл өгдөг нэг чиглэлийг л зохицуулдаг. 2000-аад оны эхээр батлагдсан энэ хуулийг өөрчлөх хэрэгцээ, шаардлага тулгараад байгаа.

Дэлхий нийтэд санхүүгийн маш олон төрлийн үйлчилгээ бий. Санхүүгийн үр ашигтай, шинэ үйлчилгээнүүд Монголд хөгжих боломж олгох хууль тогтоомж хэрэгтэй. Мөн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, санхүүгийн салбараа тэнцвэртэй авч явах стратеги, бодлогоо одоо гаргаж ирэхгүй бол бид барьсан чиг шугам, бодлогогүй хэтэрхий олон жил явлаа. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хэрэгтэй гол хууль болох Үнэт цаасны зах зээлийн болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсан. Одоо Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлах шаардлага байна. Ингэж байж зах зээлд оролцогч үнэт цаасны компаниуд, диллерүүд, хадгаламж, төлбөр тооцоо хийдэг банкууд цогцоороо бий болно. Эдний эрэлт, хэрэгцээг уулзуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох Хөрөнгө оруулалтын банкыг оруулж ирвэл энэ зах зээлд дэвшил хурдан гарна гэж харж байгаа.

Зээлийн хүү хэт өндөр байгаа талаар хүмүүс ярьдаг. Гэхдээ Төвбанк зээлийн хүү буулгана гэж хэлээд, арилжааны банкууд буулгачихдаг, механикаар шийддэг асуудал биш. Олон үе шаттай арга хэмжээг авч байж хүссэн үр дүндээ хүрнэ. Энэ бүхнийг цогцоор нь шийдэхийн тулд 2030 он хүртэл санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулсан.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Ажилгүйдэл, ядуурал Монголын хамгийн том асуудал. Ажилгүйдэл, ядууралтай тэмцэх, иргэдэд анхан шатны орлого олох боломж олгох нь төрийн үүрэг. 1990 оноос хойш бид төрийн өмчийг иргэдэд хуваарилсан. Газраа тодорхой нөхцөлтэйгөөр өмчлүүлж, эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Одоо газрын хэвлий дэх баялгаа иргэдэд хүртээх ажлаа сайн хийхгүй байна. Иргэдэд анхан шатны орлогын эх үүсвэр бий болгох боломж энд байна” гээд, уг асуудлыг судалж, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллах санал тавьсан. Уг төсөл ерөнхийдөө бэлэн болж байна.