МИАТ ТӨХК энэ сарын 3-6-нд олон улсын Агаарын тээврийн холбооноос /IATA/ 2 жил тутам хийдэг аюулгүй ажиллагааны “IOSA” аудитын шалгалтад олон улсын жишигт хүрсэн, стандарт хангасан компани болохоо дахин баталгаажуулав.
ИАТА-гаас шинээр хэрэгжүүлж буй үл тохирол илрүүлэх шинэ аргачлалаар баяжуулсан, эрсдэлд тулгуурласан аудит буюу (Risk Based IOSA) дүрмийн дагуу нислэгийн аюулгүй байдлын удирдлага, зохион байгуулалт, нислэг, бүхээг, газрын үйл ажиллагаа, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, нислэгийн хяналт, зохицуулалт, ачаа, шуудан тээвэр, нисэхийн аюулгүй байдал зэрэг 930 стандартын 550-д нь эрсдэлд тулгуурласан үнэлгээ хийлгэж шалгуулжээ. Үнэлгээний дүн 98,5 хувь гарсан нь олон улсын агаарын бусад тээвэрлэгчийн шалгуулсан үл тохирлын үнэлгээний дунджаас 50 хувиар илүү амжилт юм байна.