“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэ удаагийн наадамд оролцохоор БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар орнуудаас 170 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ.
Наадмын хүрээнд төв талбайд ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд, Азийн улсуудын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, гадаад, дотоодын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтууд зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно.
“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмын ерөнхий зохион байгуулагчаар НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци ажиллаж байна.