УИХ-ын 2024 оны сонгуулийн 7дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Гомбын Ганбаатар, Ренчинбямбын Сэддорж, Равжихын Эрдэнэбүрэн, Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан, Цагаанхүүгийн Мөнхбат, Лувсандоржийн Одсэр, Насанбуянгийн Энхбат нар сонгуулийн сурталчилгаагаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэд сонгогчидтойгоо албан ёсоор эхлүүллээ.
Гомбын Ганбаатар: Бидний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө улам алсарч бүдгэрсээр, эдийн засгийн нөхцөл байдал улам дордсоор нийгэм нэг л биш болоод байна. Нэг л биш болоод байгаа нийгмээ өөрчлөхийн тулд сонгогчид та бүхэн сонголтоо хийхдээ маш сайн бодож тунгаагаарай.
Нэр дэвшигч Ренчинбямбын Сэддорж: Миний хувьд өнгөрсөн хугацаанд Өмнөговь аймгийг удирдах хугацаандаа Улсын тэргүүний аймгаар гурван удаа шалгарууллаа. Тиймээс Өмнөговь аймаг шиг говийн бүсийг хурдтай хөгжүүлэхийг зорьж байна. Уул уурхайн үйл ажиллагааг нээхэд Өмнөговийн иргэд огт эсэргүүцээгүй. Гэтэл тэд секундэд дээд тал 800 литр ус ашиглаж байна. Тиймээс гадаргын ус, булаг шанд ширгэж байгаа. Тиймээс бид багаараа говьд ус авчрахын тулд маш шуурхайн ажиллана. Хамгийн түрүүнд усгүй болж байгаа аймаг Өмнөговь болоод байна. Үүний араас тун удахгүй ус Дундговь, Дорноговь аймгийн асуудал болох гээд байна. Иймд говьд ус авч ирэхийн тулд говийн дөрвөн аймаг нэгдэх байх гэж найдаж байна.
Равжихын Эрдэнэбүрэн: Өнгөрсөн хугацаанд эх баригчид ажиллаа хийж чадсангүй гэж үзэж байгаа. Залуус маань цалингүй, ажилгүй гадагшаа дүрвэж байна. Олон залуус нийлэл рүү нүүж байгаа тул орон нутаг эзгүйрч байна. Ялангуяа говь нутаг шилжилт хөдөлгөөн маш их байгаа. Миний хувьд эхлээд хөдөө орон нутаг хөгжих ёстой гэж үздэг. Хөгжүүлэхдээ нутгийн иргэдтэй хамтдаа хөдөлж байж хөгжих юм байна гэдэг жишгийг гаргаад, хөгжүүлээд арав гаруй жил амжилттай хэрэгжүүлээд байна. Энэхүү жишиг маань улсын хэмжээнд хүлээнд зөвшөөрөгдөөд нэлээн өргөн цар хүрээгээ тэлээд байгаа. Орон нутгийг хөгжүүлэх бүх сумдыг дэд бүтэцтэй нэгдсэн цэвэр ус, дулаантай болгох санаагаа намын мөрийн хөтөлбөртөө тусгаад хэрэгжүүлэхээр зүтгэж явна.
Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан: Дэлхийд өнөөдөр гүний усаар нүүрсээ угааж баяжуулдаг орон Монголоос өөр хаана ч байхгүй. Өнгөрсөн хугацаанд усгүй болж байгаа говийн ард түмнийг хэн ч өмөөрөөгүй. Эрх баригчид зүгээр л найман жил энэ асуудлыг мартчихсан. Говийг усжуулах төсөл хаа нэгтээ хэн нэгэн даргын сейфны мухарт 30 жил дараатай байсан. Гэтэл говьд ус ирвэл л дагаад хөгжил ирнэ. Үүнийг бид хийнэ. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгаас усны ТЭЗҮ-г хүлээн авсан. Үүнийг хэрэгжүүлэх төлөө, усны асуудлыг монголын төрийн асуудал болгох нь хамгийн чухал ажил гэж бодож байгаа. Би хэлсэн үг амласан амлалтаасаа няцаж яваагүй. Хийсэн үйлдлээсээ урваж байгаагүй. Эх орон ард түмэн газар шорооноосоо урвахгүй.
Цагаанхүүгийн Мөнхбат: Дундговь аймгийнхаа Засаг даргаар ажиллах хугацаандаа нутгийнхаа ард түмний хөгжлийн төлөө түлхүү анхаарлаа хандуулж ажиллаж ирсэн. Одоо говийн дөрвөн аймгийн ард түмний хөгжлийн төлөө ажиллахаар зүтгэж явна. Тиймээс та бүхэн биднийг багаар нь дэмжээрэй.
Лувсандоржийн Одсэр: Сайхан амьдралыг амласан намд эрх мэдэл өглөө. Уул уурхайгаа ч ашиглахыг зөвшөөрсөн. Гэтэл хөгжил алга. Тиймээс одоо гарц гаргалгаа хэрэгтэй байна. Тэр хөгжлийн төлөө одоо өөр сонголт хийж шинэчлэх тэр цаг мөч ирээд байна. Дэлхий дахинд үйлдвэрээ хөгжүүлж, орлогоор нь улс орон хөгжүүлж байна. Тэгвэл азаар манайд улсад 300 мянган малчин буюу 300 мянган үйлдвэрлэгч байгаа. Тиймээс малчдынхаа орлогыг нэмэгдүүлж чадвал Монгол Улс дэлхийд эхний аравт эрэмбэлэгдэх бүрэн бололцоо байгаа. Энэхүү хөтөлбөрөө би намынхаа мөрийн хөтөлбөрт тулгуурласан. Одоо та бүхнийхээ дэмжлэгээр багийн нэр дэвшигчидтэйгээ төрийн бодлого болгож хэрэгжүүлэх болно.
Насанбуянгийн Энхбат: Миний хувьд монголын говийг хөгжүүлэхийн тулд залуусынхаа сэрүүлэг нь болж ажиллана. Өмнөговь аймагтаа Засаг даргын орлогч, ИТХ-ын даргаар ажиллах хугацаандаа аймаг орон нутгийг хөгжүүлэхдээ хөгжлийн бодлого төлөвлөлтийг зөв хийж чадвал болдог гэдгийг харуулж ажилласан. Тухайлбал, Өмнөговь аймгийн суманд ажилладаг төрийн алба хаагчдын авдаг цалин бусад аймагт ажилладаг төрийн алба хаагчдаас хоёр дахин өндөр болсон. Тиймээс энэ жишгийг говийн дөрвөн аймагтаа нэвтрүүлээд нутаг орноо хөгжүүлэх бүрэн боломж байна” гэлээ.
Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн эхний өдөр Ардчилсан намын нэр дэвшигчид Дорноговь аймгийн Замын-Үүд, Даланжаргалан, Айраг сумын зон олонд Монголын говийг хөгжүүлэх ажлын төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, сонгогчдынхоо санаа бодлыг сонслоо.