Энэ сарын 15-наас ихэнх нутгаар сэрүүсэж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын 10 хоногийн урьдчилсан төлвийг гаргажээ.

Энэ сарын 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд нутгийн төв хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, 15-наас ихэнх нутгаар сэрүүсч, хөрсөн дээр цочир хүйтрэхийг ЦУОШГ анхаарууллаа.

2024 оны 9 дүгээр сарын 9-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

Хур тунадас:

Энэ сарын 9-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр,

16-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи:

Энэ сарын 9-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр, 15-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16,17-нд нутгийн зарим газраар, 18-нд тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур:

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +0...+5 градус, өдөртөө +11...+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 15-наас ихэнх нутгаар сэрүүсч, хөрсөн дээр цочир хүйтэрнэ.