Ц.Лхагвасүрэн: Бусдаас үг сонсох, ачаалал даах, хариуцлагатай байхад сургасан

Хүн бүрийн хувь тавилан, өгөгдөл өөр, өөрийн гэсэн “өнгө”-тэй. Тухайн өнгийг олж, дээдэлж, бусдад түгээж, түүнээсээ ажил, амьдралын утга учрыг мэдэрдэг.  Хүүхэд байхдаа дээлэндээ вогон хадаж, энгэртээ тэмдэг зүүгээд л гүйдэг байсан нь цэргийн хүн болохыг нь илтгэсэн байж. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн ч өөр ажилд орохоор сонгон шалгаруулалтад оролцож, тэнцэснээр 20 жилийн түүхийг бүтээх эхлэл болжээ. Түүнийг Ц.Лхагвасүрэн гэдэг. Тэрбээр Хяналт, шалгалтын газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаа дэд хурандаа цолтой алба хаагч юм.

-Цэргийн хүн болох мөрөөдөл тээгээгүй ч хүүхэд насны зөн совин таныг Онцгой байдлын албатай холбожээ?

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжиж, “Гамшгаас Хамгаалах Ерөнхий Газар” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхэн он цагтай зэрэгцэн энэ албанд үүрэг гүйцэтгэхээр томилогдож байлаа. Тухайн үед Нийслэлийн Гамшгаас хамгаалах штаб байгуулагдаж,  “их дээд сургууль төгссөн залуусыг ажилд сонгон шалгаруулж авна” гэсэн зарын дагуу очиж, бүртгүүлж олон залуусын хамт шалгалт өгснөөр анх энэ албаны үүдийг алхаж байлаа.   Анхны томилгоо Нийслэлийн Гамшгаас хамгаалах штабын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвд /310005 /  Шуурхай удирдлага зохицуулалт хариуцсан мэргэжилтэн /оператор/-ээр анх томилогдож тухайн үүрэг албыг тасралтгүй зургаан жилийн хугацаанд гүйцэтгэсэн.  Тус ажил маань нийслэл хотод 24 цагийн хугацаанд өрнөсөн бүхий асуудлыг хариуцаж, өөрийн байгууллагын удирдлагууд болон нийслэлийн удирдлагуудыг мэдээллээр хангаж шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиг үүрэгтэй байсан. Гал гарлаа, үер ус боллоо, гол усанд хүн живлээ, хүн төөрлөө, тог, ус тасарлаа, хог ачуулмаар байна, хотын даргатай холбогдмоор байна гээд хотын асуудал барагдах биш , хотын иргэний бүхий асуудлыг хүлээн авч бүх холбогдох  хэлтсүүдэд уламжилж гомдлыг барагдуулж, тухайн хүнд нь таны асуудлыг шийдвэрлэсэн гэж хариу мэдэгдэнэ.  Дээрээс нь  Нийслэлийн Засаг даргын , Нийслэлийн Онцгой комиссын гээд бүх түвшиний шуурхай зарыг албан тушаалтнуудад хүргэнэ гээд орохгүй гарахгүй асуудал гэж байхгүй. Ямар сайн даа л утасны төлбөр их гараад байна гээд “зэмлүүлж” байхав. Нэг ээлжинд ганцаараа гарч 24 цаг хотын асуудалд манаач хийнэ, заримдаа  сунаж ажиллана, алдаа гаргавал суртлаа утсан дээрээ сууж л байна. Сүүлдээ хандаж байгаа иргэний дууны өнгөөр  тусламж гуйж байгаа, ямар нь хуурамч байна гэдгийг хүртэл ялгаж, салгадаг болсон.  

Нийслэлийн Гамшгаас хамгаалах штабын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн Мэдээлэл шуурхай удирдлагын төв /310005 /-ийн үйл ажиллагаа 2015 оныг хүртэл анхны зохион байгуулалттайгаар ажиллаж байгаад , 2016 оноос “Нийслэлийн шуурхай удирдлагын төв” гэсэн 25 хүний орон тоотой тусдаа газар байгуулагдаж шинэчилсэн бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг болсон. Дөрвөн хүний хийдэг байсан ажил их хотын тэлэлт, асуудлын цар хүрээнээс шалтгаалан хүн хүч нэмэгдэж, өөрчлөлт орсон.  Ажиллах хугацаанд олон олон томоохон гал ус гамшиг ослын дуудлага хүлээн авч шуурхай мэдээлэл, шуурхай зохион байгуулалтыг хийж ажиллаж байсан. Онцолж дурдвал, Бөмбөгөр худалдааны төвд гарсан гал түймэр, “Ази чоно”  архины хордлого, нийслэлийг хамарсан ой, хээрийн түймэр гэх мэт тухайн үеийн дуулиантай асуудлуудыг хүлээн авч байсан.

-Утсаар дуудлага авч, асуудлыг зохицуулдаг байсан бол газар дээр нь шийдвэр гаргах дараагийн үүрэг танд оноогдсон. Ялгаа төсөөлснөөс мэдээж өөр..?

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнээр 2010 онд томилогдсон.  Утасны цаанаас асуудлаа яагаад шийдэхгүй байна, дуудлага нь яаж байна, хариу яасан удаж өгдөг юм гээд суудаг байсан хүн чинь өөрөө  гамшиг, гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж, шийдвэр гаргана, удирдлагаар хангаж эхэлсэн. Үер, ус, гал  түймэр, халиа тошин гээд тухайн үеийн дэд бүтэц ч хүнд байж амаргүй цаг үеийг залуустайгаа хамт туулсан. Энэ албан тушаалд тасралтгүй дөрвөн жил ажиллаад ОХУ-ын Иргэний хамгаалалтын академид 2014-2016 онд суралцсан. ОХУ-ын МЧС академийг 2016 оны долоодугаар сард  төгсөж, Төв аймгийн Онцгой байдлын газарт Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах байцаагчаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны гуравдугаар сард СХД-ийн Онцгой байдлын хэлтэст орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах, Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар  томилогдон ажилласан. Улмаар 2018 оны гуравдугаар сард Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар  шинээр байгуулагдсан Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын анхны алба хаагчийн нэг болон томилогдож ирсэн түүхтэй.  Тус газартаа ахлах мэргэжилтнээс хэлтсийн дарга хүртэл ажиллаж байна.

- Үүрэг хариуцлага томилгоо бүрт л таныг сорьдог бас чадавхжуулдаг байж. Өөрөөр хэлбэл багаас нь гэдэг шиг бүх зүйлд гар бие оролцжээ?

Дүүргүүдийн хувьд дуудлага, асуудал, ачаалал өндөр. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт манай улсын нийт хүн амын 10 хувь амьдардаг учраас энэ хэмжээгээр дуудлагын тоо их байдаг. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллаж байхдаа маш их ачаалалтай ажиллаж байсан. Улаабаатар хотод ажиллаж, амьдарч байж 14 хоног хариагүй тохиолдол ч байдаг. Ой, хээрийн түймэр, мал амьтны гоц халдварт өвчин, үер гээд үргэлжилдэг юм даа.  Гал түймрээс гадна, шүлхий, шувууны томуу, хийн дэлбэрэлт гээд гамшгийн дуудлага ихтэй. Гар аргаар хийсэн гүний худаг гэсгээгч  дэлбэрээд толгой нь тасраад хашаанд наалдчихсан, гэр бүлийн гурван хүн галд өртөөд нас барчихсан, шувууны томуугийн үед үхсэн шувуу болгоныг очиж авдаг гээд хүрэхгүй, очихгүй газар гэж байхгүй шүү дээ бидэнд. Завгүй байх тусам л ажлыг амжуулаад байдаг юм билээ.

-Хяналт, шалгалт гэхээр яагаад ч юм нэг тийм таатай байдаггүй. Айна, сандарна, стрессдэнэ гээд өөр, өөр сэтгэл хөдлөл хүртэл илэрдэг. Таны гол баримталдаг зарчим юу вэ гэж асуух гээд л тойруулаад байна л даа?

Анх Хяналт, шалгалтын газарт томилогдож ирэхээсээ өмнө өөрөө олон шалгалтад орсон туршлага бол байсан. Сүхбаатар дүүргийн орлогчоор томилогдоод удаагүй байтал ОБЕГ-аас иж бүрэн шалгалт ирлээ. Бид ч шалгалтын сургаар бэлтгэл хэр хэмжээндээ л сайн хийсэн. Таны хэлдгээр мэдээж айдастай. Тухайн үед ажлын хэсэг ахалж явсан хуулийн тасгийн дарга, хурандаа н. Лувсандорж “Болж байна шүү. Цаашид улам л хичээгээрэй” гэж хэлж байсан нь байнга бодогддог. Магадгүй тухайн үед болохгүй байна гээд хэлчихсэн бол шантрахыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс би энэ зарчмыг л барьдаг. Анх удаа очиж байгаа газар, хэлтэс, анги, салбартаа зөвлөнө, тусална, мэдэхгүй бол мэддэг нэгнээс нь асуугаад лавлаад хэлээд өгнө. Харин дараагийн удаад хэлсэн зүйл маань биелээгүй, сайжраагүй бол үнэхээр болохгүй байна  гэдэг үгийг хэлнэ. Ажил учраас сайн, муугаа мэдэлцэж үр дүн, хэр, хэмжээгээ үнэлнэ шүү дээ. Шалгаад байгаа шаардаад байгаа бүхний ард хариуцлага, албаны нэр төр, ард иргэдийн, таны миний хэн нэгний амь нас минут, секундээр хэмжигддэг гэдгийг хүн нэг бүр ойлгодог, ухамсарладаг байгаасай гэж хэлмээр байна. Төрийн хяналт шалгалтын хуулийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулах журмыг МУ-ын Шадар сайдын 2018 оны 107 дугаар тушаалаар шинчлэн батлуулсан. Энэ журмын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын хярьяа салбар нэгж болон төв орон нутгийн Онцгой байдлын газар, анги нэгжүүдэд дөрвөн жил тутамд иж бүрэн шалгалтыг зохион байгуулж шалгалтын дүнг даргын зөвлөлд хэлэлцүүлдэг. Мөн Онцгой байдлын байгууллагын удирдлагад хууль хяналтын байгууллага, алба хаагчд, иргэдээс ирүүлсэн өргөдөл, мэдээллийн хүрээнд дотоод албаны шалгалтыг зохион байгуулж удирдлагад танилцуулж ажилладаг. Манай газар зөвхөн хяналт шалгалт хийхээс гадна дөрвөн чиглэлээр 16 төрлийн гамшгаас хамгаалах, хууль тогтоомж, төрийн бодлого баримт бичиг, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд  Засгийн газрын 2020 оны 202 дугаар тогтоолоор заагдсан хугацаанд нь хяналт шинжилгээ үнэлгээг хийж, биелэлтийг үнэлгээний хамт Шадар сайдын ажлын албанд болон холбогдох яамдуудад хүргүүлж ажиллаж байгаа.        

-Ингэхэд та аль нутгийн хүн бэ?

Би Завхан аймгийн Сонгино суманд төрж өссөн. Аав, ээж маань хоёулаа багш. Завхан аймгийн хэд, хэдэн сум, Төв аймгийн Угтаалцайдам суманд аав маань уран зохиолын багш, хичээлийн эрхлэгчээр, ээж маань бага ангийн багшаар  түмний хүүхдийн төлөө энэ насаа зориулсан хоёр сайхан буурай байдаг.

Бид эцэг, эхээс тавуулаа. Би айлын дөрөвдэх хүүхэд. Ах, эгч, нэг дүүтэй. Том ах маань малчин. Бусад нь төрийн албанд үүрэг гүйцэтгэдэг. Сурагч болоод удаагүй байхад 1990 оны хувьсгал болж, картын бараанд оочирлож, гурил тээрэмдэж, хүүхдүүдээ өлсгөж цангаахгүй мөр бүтэн хувцастай бусдын хүүхдүүдээс дутаахгүй сургаж хүмүүжүүлж байсныг мэдэрч болохоор амьдралын наад, цаадах зүйлийг ойлгож, мөнгөний үнэ цэнийг мэдэрч  эхэлсэн. Энэ бүхэн маань бусдаас үг сонсох, ачаалал даах, хариуцлагатай байхад сургасан л гэж боддог.

-Дартсын тэмцээн гэхээр та л явж байдаг. Энэ спортоор хичээлдэг үү, эсвэл сонирхогч уу?

Ээлжийн ажил хийж байхдаа буюу 2008-2010 он хүртэл дартсын спортоор эрчимтэй хичээллэж эхэлсэн. Тухайн үед зохион байгуулагддаг бүхий л төрлийн тэмцээнүүдэд оролцож, тамирчдын чансаагаар  улсдаа шилдэг 32 тамирчны нэгээр эрэмблэгдэж байлаа. Тэгээд ОХУ-д сурах хүртлээ энэ спортоо орхичихсон байсан. Тэнд сурах хугацаандаа тэмцээн, уралдаанд нь оролцож эхэлсэн. Тэмцээнд 500 рубль төлөөд бүртгүүлдэг, эхний арван байрт шалгарвал нэг нугалж, 1000 болгож авна. ОХУ-д дартсын спорт өргөн хөгжөөгүй ч шилдэг найман тамирчин байдаг. Тэр тамирчидтай мөр зэрэгцэн  тоглож байсандаа бахархдаг. Мөн ОХУ-д суралцаж байх хугацаандаа “Мэргэжлийн дартсын холбоо”-ноос зохион байгуулсан европын аварга шалгаруулах тэмцээнд хоёр  жил дараалан Монголын шилдэг тамирчдын хамт оролцож, ОУХМ Х.Одхүү пеналыг тоглолтод шалгарч байлаа. Тухайн үед ОХУ-ын тамирчид манай тамирчдаас айсан байх. “Азиуд Азидаа Европчууд Европдоо” гээд энэ тэмцээнд дахиж оруулаагүй. 2015 онд зохион байгуулагдсан олон улсын чанартай  “OPEN MONGOLIA” тэмцээнд ОХУ-ын баг тамирчидтай нэг баг болж оролцож, шагналт байрт шалгарсан  нь хамгийн том амжилт. Онцгой байдлын байгууллагын спортын  олон төрөлт тэмцээнд  2019 онд анх дартсын төрөл орж, аваргалж байлаа. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Шадар сайдын харьяаны агентлагуудын дунд зохион байгуулагддаг тэмцээнд л жил бүр амжилттай оролцож байна. Билльярд тоглох бас дуртай. Энэ төрлөөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагын тэмцээнд сүүлийн хоёр жил амжилттай оролцсон. Ирэх жилээс бэлтгэлээ сайн хийж байгаад амжилтаа ахиулах зорилготой байгаа.

-Бүх спорт өөр, өөрийн гэсэн онцлогтой. Та дартсын спортын талаар мэдээлэл өгвөл бас сонирхолтой байх?

Дартс бол эдийн засаг, цаг хугацаа шаардаад байдаггүй. Самбар, өөрийн эзэмшлийн сумтай байх хэрэгтэй. Хараа хурц, анхаарал төвлөрөлт хамгийн өндөр, тоондоо тооцоо алддаггүй  тооны машин шиг л байх ёстой. Тоглох зарчим нь 301, 501 оноос хасагдаж тоологдоно. Гурван сумаар шиднэ. Хаана ч хичээллэх боломжтой. Анх 13-р зууны үед Английн цэргүүд чөлөөт цагаараа пивоны торхонд сумаа зоож шиддэг байсан нь энэ спорт үүссэн гэж үздэг юм билээ. Их британи, Скандинав,  Европын орнуудад олон нийтийн газарт их хөгжсөн. Монгол улсад 1994 оноос хойш Монголын Дартсын холбоо гэж байгуулагдсанаар эхлэл нь тавигдсан. Олон улсад бүртгэлтэй болж, олон тэмцээн, уралдаануудыг зохион байгуулдаг болсон байна лээ. Дартс бол анхаарал  төвлөрөл, ур дүйн спорт учраас тоглогчийн  стрессийг бүрэн тайлж чаддаг онцлогтой спорт шүү дээ.

Энэ спортыг алба хаагчдад түгээн дэлгэрүүлэх ажлыг хэр зохион байгуулж байна?

Сүүлийн үед залуучууд маш их хичээллэх болсон. Онцгой байдлын байгууллагын аварга шалгаруулах тэмцээний нэг төрөл болж зохион байгуулагдснаас хойш манай алба хаагчид дундаас ялангуяа ахлагч бүрэлдэхүүнээс эрчимтэй хичээллэж байгаа тамирчид олон байна. Тухайлбал, Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтрах, аврах 24 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Э.Мөнх-Эрдэнэ, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн суман дахь  Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Н.Батбаяр, мөн аймгийн Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн дуудлага хүлээн авагч,  ахлах ахлагч К.Аягүл нар байна. Эдгээр алба хаагчид маань  Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний дунд байгуулагдсан дарстын спортын аварга шалгаруулах тэмцээнд байгууллагаа төлөөлөн оролцож, багийн дүнгээр тэргүүлж, цомын эзэд болсон.  

-Цэргийн хүн байх олон сайхан бахархам зүйлүүд ихтэй. Гэхдээ гэр бүл, үр хүүхдэдээ гаргах цаг, хугацаа хомс байдаг нь сул тал юм уу?

Манайх ам бүл зургуулаа. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Гурван хүү, нэг охинтой. Том хүү энэ жил оюутан, бага охин сурагч болж байгаа. Эхнэртэйгээ анх “Хурд” хамтлагийн тоглолт үзэж яваад танилцаж байлаа. Төрийн албанд олон жил ажилласан инженер бүсгүй бий. Бас л над шиг хамгийн багаас нь эхлэж ажилласаар Улаанбаатар хотын ерөнхий инженер хүртэлх албан тушаалыг хашиж байсан мундаг бүсгүй дээ хань маань.

-Аавынхаа мэргэжлийг өвлөх хүүхэд байгаа даа гэж битүүхэн хардаг л байх?

Хүүхдүүддээ бага байхад нь унтаж байхад нь ирээд, унтаж байхад нь гараад явчихдаг байсан учраас хөвгүүд маань тийм ч их сонирхоод байдаггүй. Аавын ажил хэцүү тиймээ л гэдэг. Ээжийгээ дагаад бүгд л инженер болно гэдэг. Харин охин маань цэрэг хувцсанд дуртай, аавынхаа ажил дээр ирэх дуртай, сонирхолтой. Ирээдүйд  энэ албыг минь өвлөх байх л гэж хардаг даа.

-Цаг зав хэр зарцуулж байна?

Ажил, гэр, хүүхдийн сургууль цэцэрлэг ойрхон болчихсон болохоор сүүлийн үед зам дээр өнгөрөөх цагаа гэр бүлдээ зориулах боломжтой болсон. Аавын цуйван бол гэртээ алдартай. Охин маань хүртэл байнга л цуйван иднэ гэнэ. Тэгэхээр бас муу тогооч биш байгаа биз. /инээв/

-Хүнтэй ярилцахаар гэгээлэг, гоё ертөнцөд оччихсон юм шиг мэдрэмж авдаг юм. Таны ажил, амьдралын замналаар аялсандаа баяртай байна?

Үг дааж сурах, бусдад муу саналгүй, хурдан уучилдаг байх хэрэгтэй гэж боддог. Бусдад ялархаад байхгүй гэх юм уу. Танд ч гэсэн баярлалаа. Үе, үеийн удирдлагуудаасаа маш олон зүйлийг сурсан. Хүн бүрт авах сайхан зан чанар байдаг шүү дээ. Тэр хүмүүстээ бүгдэд баярлалаа гэж хэлмээр байна. Мөр зэрэгцэн ажиллаж байгаа хамт олон, удирдлага, алба хаагчдадаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here