Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа

БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус улсын Жөжян мужийн Ханжөү хотын дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд болох Чяньтан мөрний хоёрдугаар гүүр буюу Пөнбү гүүр, Шиху нуурын дүүрэгт байрладаг Зыжы туннелийн байгууламжтай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газрын 20 минутын хот Үндэсний хорооноос хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудын чухал хэсэг болох Туул гол дээгүүр тавигдах “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүр, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах зорилтын дагуу Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км автозам, гүүр, гүүрэн байгууламж барьж байгуулах төслүүдийг судлах хүрээнд Ерөнхий сайд, Засгийн газрын холбогдох гишүүд эдгээр байгууламжтай танилцсан юм.  

Пөнбү гүүр нь хүчтэй урсгалтай мөрөн дээр баригдсан, авто зам, төмөр замыг тусгаарласан байдлаар хослуулан шийдсэн инженерийн бүтээл гэдгээрээ дэлхийд алдартай. Голын 40 км/ц хурдтай ширүүн урсгалыг тэсвэрлэхийн тулд Хятадад анх удаа ган татлагат аргыг тус гүүрэнд ашиглажээ. БНХАУ-ын Төмөр замын яамны Хятадын зүүн хэсгийг төвтэй холбох төсөлд тус гүүр багтдаг, төмөр замын үндсэн сүлжээний чухал хэсэгт тооцогддог аж. Төмөр зам, авто замын хоёр үндсэн хэсэгтэй. Төмөр замын хэсэг нь хоёр шугамтай, 11.4 метр өргөн, 2,8 км урт, 120 км/цаг хурдны хязгаартай бол авто замын хэсэг нь 19.5 метр өргөн, дөрвөн урсгалтай, 1,3 км урт, 100 км/цагийн хурдны хязгаартай зорчино.

Барилгын төлөвлөгөө батлагдсанаас хойш зургаан жилийн дараа буюу 1992 онд ашиглалтад орсон Пөнбү гүүр инженерийн онцгой шийдэлтэйгээс гадна бүс нутгийг холбодог, төвлөрлийг сааруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн хөгжилд том хувь нэмэр оруулдаг гүүр ажээ.


 
Зыжы туннел нь Ханжөү хотын хурдны замын "Дөрвөн босоо, таван хэвтээ" төслийн чухал хэсэг. Тээврийн хөдөлгөөнийг хурдан, үр ашигтай болгох зорилготой. Энэхүү туннел үзэсгэлэнт Шиху нуурын доогуур хийгдсэн. Шиху нуур нь дэлхийн өвд бүртгэгдсэн, тус улсын түүхэн дурсгалт, тусгай хамгаалалттай газруудын нэг. Туннелийг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр барьжээ. Туннел нь техникийн өндөр үзүүлэлттэйгээс гадна Ханжөү хотын авто замын ачаалал ялангуяа, Шиху нуурын үзэсгэлэнт газрын замын түгжрэлийг багасгахад чухал хувь нэмэр оруулдаг талаар тус хотын Барилгын хөгжлийн төв, Зам, гүүрийн группийн удирдлагууд танилцуулав. Туннелийн барилгын ажил 2013 онд эхэлж, 2016 онд ашиглалтад оржээ. Нийт 14.4 км урт, 21 метр өргөн уг туннел нь хоёр талдаа гурван урсгалтай авто зам бүхий томоохон бүтээн байгуулалт аж. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян бүтээн байгуулалтын энэ үед Жөжян мужийн даргаар ажиллаж байжээ.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here