Худалдаачид хуурай өлсгөлөнд шилжихээ мэдэгдлээ

Хархорин худалдааны төв орчимд гар дээрээс наймаа эрхэлдэг 100 гаруй худалдаа эрхлэгч өнөөдөр жагслаа. Тэд "Ажлын байрныхаа төлөө өлсгөлөн зарласан иргэд 168 цаг өлслөө. Эрх баригчдаас шийдэж өгөхийг хүсч байна. Бид улсдаа татвар төлнө. Том зах худалдааны төвүүдийг тэтгэж өндөр татвар төлмөөргүй байна" гэх утга бүхий уриа лоозон барьжээ.

Худалдаачдын төлөөлөл "Өнгөрсөн долоо хоногийн нэг дэхь өдрөөс эхлэн 12 хүн ажлын байраа авч үлдэхийн тулд өлсгөлөн зарласан. Гурван хүнийх нь биеийн байдал муудаад одоо 9 хүн байгаа.

Өлсгөлөн зарлаж байгаа болон бусад нэгдсэн хүмүүсийн дөрвөн хүүхдийн зургийг олон нийтийн сүлжээнд тавьсан байсан. Ингэхдээ нүдийг нь сохолно гэж заналхийлсэн. Хүүхдүүдээ байнга хараа хяналттай байлгаж байгаа. Ямар хүн биднийг заналхийлсныг кибер аюулгүй байдлын хэлтэст шалгуулахаар өгчихсөн. Энэ хэргийг шуурхай илрүүлнэ гэсэн ч одоо хүртэл ямар нэгэн мэдээлэл алга.

БГД-ийн Засаг дарга С.Одонтуяаг эдгээр иргэдийн ажлын байрыг булаасан захирамжаа хүчингүй болгохыг шаардаж байна" гэлээ.