Улаанууд, улаанбурхнаар жирэмсэн эмэгтэй өвчилсөн тохиолдолд ургийн хөгжилд нөлөөлж болох эрсдэлийн талаар мэдээлэл хүргэж байна.
ҮҮСГЭГЧ: Улаанууд тogoviridaе овгийн Rubivirus-ын төрөл, улаанбурхан нь парамиксовирусын овгийн морбилли вирусээр үүсгэгддэг, арьсаар жижиг тууралт туурах, халуурах шинж тэмдэг, цочмог явцтай байдлаараа зарим талаараа төстэй мэт боловч улаанууд нь улаанбурхантай харьцуулбал харьцангуй хөнгөн явцтай халдварт өвчин юм.
ДАМЖИХ ЗАМ: Улаанууд, улаанбурхнаар урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдаагүй, энэ вирусын халдвараар өвчилж байгаагүй жирэмсэн эмэгтэй агаар дуслын замаар өвчтэй хүнээс халдвар авах эрсдэлтэй. Харин ихэсээр дамжин эхээс урагт халдвар дамжих эрсдэлтэй.
ШИНЖ ТЭМДЭГ: Цочмог халдварт өвчнүүд учир тодорхой үе шатыг ( нууц үе, шинж тэмдэг илрэх үе, эдгэрэлтийн үе) дамжина. Нууц үед ерөнхий хордлогын өвөрмөц биш шинжтэй толгой өвдөх, бие сулрах, нүд улайх, хоолой залгиур хөндүүрлэх, халуурах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Шинж тэмдэг илрэх үед нүүрнээс эхлээд жижиг тууралт дээрээс доошоо чиглэлтэй гарч, улмаар эдгэрэлийн үе шатанд тодорхой зүй тогтолтойгоор тууралт арилна.
УРГИЙН ХӨГЖИЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ: Жирэмсний ямар хугацаанд эх улаанууд болон улаанбурхны халдвар авснаас шалтгаалан урагт халдварлах эрсдэл харилцан адилгүй байна.
УЛААНУУД: Хэрэв эхний гурван сард улаануудаар өвчилсөн тохиолдолд урагт хөгжлийн гажиг үүсэх өндөр эрсдэлтэй. Сонгомолоор ургийн зүрх, нүд, сонсголын эрхтэнг гэмтээдэг учир дэлхий нийтэд Rubella syndrome гэж хүртэл нэрлэдэг өвөрмөц хамшинж бүхий төрөлхийн улаануудын халдвартай хүүхэд төрдөг. Төрөлхийн улаануудтай нярай нь төрснөөсөө хойш тодорхой хугацаанд вирус ялгаруулна. Жирэмсний эхний гурван сартайд ургийн халдвар үүсэх эрсдэл нь 80, хоёр дахь гурван сартайд 25, жирэмсний сүүлийн гурван сард 35, 36 дахь долоо хоногт эх халдвар авсан бол урагт 100 хувь халдварлах эрсдэлтэй байдаг гэж үздэг.
Улаануудаар жирэмсэн үед өвдсөн эхээс төрсөн хүүхдэд илэрч болох эмгэг өөрчлөлт:
-Мэдрэхүйн мэдрэлийн сонсгол алдагдал- 50-75 хувь
-Сохрох, нүдний болор цайх, глауком- 20-50 хувь
-Зүрхний хөгжлийн гажиг - 20-50 хувь
-Мэдрэлийн эмгэг- 10-20 хувь
-Бусад шинж тэмдэгт өсөлтийн хоцрогдол, ясны эмгэг, элэг дэлүү томрох, хүүхдэд хожуу илрэх шинж тэмдгүүд нь чихрийн шижин, бамбай булчирхайн үрэвсэл, өсөлтийн дааврын дутагдал, зан төрхийн өөрчлөлт зэрэг юм.
УЛААНБУРХАН: Жирэмсний эхний гурван сард улаанбурхнаар өвдсөн тохиолдолд ургийн өсөлт зогсох, дутуу төрөх, зулбах эрсдэл өндөртэй байдаг.
ОНОШИЛГОО: Сэжигтэй тохиолдолд халдвартын эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэж онош тодруулах шаардлагатай. Хамар-залгиурын арчдаст вирүсын эсрэгтөрөгчийг иммуно-флюоресценцийн шинжилгээгээр илрүүлнэ.
ЭМЧИЛГЭЭ: Өвөрмөц эмчилгээ байхгүй
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ:
Жирэмсэн үедээ халдвар авсан эхийн ургийг гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэнэ. Ерөнхийдөө хоёр чиглэлээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
- Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, насанд хүрч буй охидыг вакцинд хамруулах
- Хүүхэд , нярайг бүрэн вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээ байдаг.
ТОВЛОЛТ ВАКЦИНЖУУЛАЛТ: Улаанбурхан БЦЖ, 5т, улаанбурхан-гахайн хавдар-улаануудын хавсарсан вакцин нь үр дүн сайтай байдаг.
-Нэгдүгээр тун 9 сартайд
-Хоёрдугаар тун 2 настайд
Хэрэв товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй тохиолдолд жил бүрийн тавдугаар сарын 20-30, аравдугаар сарын 1-10 хүртэл үед нэмэлт болон нөхөн вакцинжуулалтад мэргэжлийн эмчид хандан хамрагдах шаардлагатай.
АНХААРАХ ЗҮЙЛС:
-Улаанууд, улаанбурхны вакциныг жирэмсэн эхэд тарьж болохгүй.
-Хэрэв жирэмслэхээр төлөвлөж байгаа тохиолдолд вакцин хийлгэснээс хойш нэг сарын дараа жирэмслэлтээ төлөвлөж болно.
-Хэрэв жирэмслэлтийн эхэн үед улаануудын халдвар авсан тохиолдолд урагт 90 хувьд нь төрөлхийн улаануудын өвчлөл үүснэ гэж үздэг учраас ихэнх улс орнуудад урагт үзүүлэх хор нөлөөг эцэг, эхэд таниулан үр хөндөлтөөр шийддэг байхад зарим хувь хүн, улс орны шашин шүтлэг, зан заншилтай холбоотой үр хөндөлтийг зөвшөөрөхгүй байх нь цөөн биш байдаг.
-Харин улаанбурхны халдвар авсан тохиолдол нь шууд үр хөндөх заалт болохгүй, тухайн жирэмсэн эхийн ургийн өсөлт хөгжлийн явцыг онцгой хянах шаардлагатай байдаг.