Шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин энэ сард ОХУ-аас 83600 тонн АИ-92, дизелийн түлш 134200 тонн, АИ-95 шатахуун 1560 тоннын авахаар гэрээлснийг дуулгасан бөгөөд өнөөдрийн байдлаар 62719 тонн АИ-92 шатахуун, 2387 тонн АИ-95, 168700 тонн дизелийн түлш, ТС-1 буюу онгоцны түлш 9780 тонныг Сүхбаатар, Цагааннуур, Эрээнцав Боршоо, Булган, Зам-Үүд боомтуудаар оруулж ирснийг хэлэв. Өчигдөр л гэхэд Хятадаас 26 вагон АИ-95 шатахуун оруулж ирсэн байна. Мөн Замын-Үүд боомтоор 26 вагон дизелийн түлш оруулж, шилжүүлэн ачиж байгаа аж.

Дэд сайд Б.Энхтүвшин ярихдаа “БНХАУ-аас 7000 гаруй тонн АИ-95 шатахуун орж ирнэ. Болж өгвөл ондоо багтаан авахыг хичээж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд АИ-92, АИ-95 шатахуун, дизелийн түлш харьцангуй тогтворжсон. Тиймээс өнөөдөр өглөөнөөс орон нутаг руу шатахуун нийлүүлэлтээ ачиж байна. Төвийн бүс, Хангайн бүсэд өөрсдийн гэсэн шатахуун хадгалах сав байдаггүйгээс шууд авто цистернээс буулгаад борлуулалтаа хийх юм. Ингэснээр маргааш орой гэхэд тогтворжино. Мөн ОХУ-аас нийлүүлэх 20 мянга орчим тонн АИ-92 шатахууныг энэ долоо хоногтоо нийлүүлэхээр өчигдөр ОХУ-ын Эрчим хүчний сайдтай хуралдлаа” гэв.

АҮЭБЯ-нд нийлүүлэлтэй холбогдуулан дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан бөгөөд тэд ОХУ-ын Эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэгтээ хуралдсан байна. Уг хуралдаанаар манай тал нийлүүлэлтийг дахин нэмэх хүсэлтээ тавьж, ОХУ хүлээн авахаа илэрхийлжээ. 

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here