Ерөнхий сайд Г.Занданшатар цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг уриаллаа

Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс хүргүүлсэн урилгын дагуу Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т зориулсан үйл ажиллагаанд оролцов.

Ерөнхий сайд энэ үеэр хэлэхдээ, "Нэг донорын хандивласан цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг. Бусдад цусаа бэлэглэх бол хүний орчлонгийн хамгийн хүнлэг энэрэнгүй буянт үйлс юм. Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг монголчууддаа уриалж байна" гэлээ.

Цус сэлбэлт судлалын үндэсний төв 1963 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гурван суурин төв болон явуулын хэлбэрээр цус цуглуулдаг. Доноруудын хандивласан цусаар улаан эсийн, сийвэнгийн, ялтаст эсийн гэсэн ангиллаар 36 төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Улаанбаатар хотын 100 гаруй эмнэлэгт нийлүүлдэг. Орон нутгийн 27 салбар төвд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг.

Улсын хэмжээнд бүртгэлтэй 180 мянга гаруй донор бий. Тус төвд өдөрт дунджаар 150-200 донор цусаа хандивладаг. 

Тэдний 46 мянга гаруй нь цусаа тогтмол хандивладаг. Бүртгэлтэй доноруудын 47.5 хувийг 25-44 насныхан эзэлж буй. Нийт донорын 54 хувь нь эрэгтэйчүүд. Доноруудыг цусны бүлэг тус бүрээр нь авч үзвэл, 40 хувь нь нэгдүгээр бүлгийн, 23 хувь нь хоёрдугаар бүлгийн, 30 хувь нь гуравдугаар бүлгийн, 7 хувь нь дөрөвдүгээр бүлгийн донор юм.

Бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалж нөөцийн хугацаа харилцан адилгүй байдаг. Улаан эсийн бүтээгдэхүүнийг 36-42 хоногийн хугацаатай хадгалах тул тайван үеийн 14 хоногийн нөөц бүрдүүлдэг. Сийвэнгийн бүтээгдэхүүнийг таван жил хадгалах хугацаатай. Харин ялтаст эсийн бүтээгдэхүүнийг тав хоногоос дээш хадгалдаггүй тул нөөц бүрдүүлэх боломжгүй. Тиймээс захиалгын дагуу шууд нийлүүлдэг.

Цус цуглуулах хэмжээ 2014 онд 24 мянган нэгж (1 нэгж нь 250-400 грамм) байсан бол 2024 онд 45 мянган нэгж болж 75 хувиар өсжээ. Цуглуулсан цусны 97 хувь нь шинжилгээгээр чанарын шаардлага хангадаг ч бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад энэ хувь хэмжээ буурдаг. Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ 2014 онд 47 мянган нэгж байсан бол 2024 онд 85 мянган нэгж болж, 44 хувиар өссөн байна.

Манай улс 10 дахь жилдээ нэгдүгээр сарын 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх үндэсний өдөр” болгон тэмдэглэж байна.  Ерөнхий сайд Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд бүртгэлтэй донор юм.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here