Цагдаагийн алба хаагчид гурван хүүхдийн амь насыг галын аюулд өртөх эрсдэлээс аварчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нар өчигдөр /2017.05.29/ өдөр дүүргийнхээ 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүл шалгалт хийж явжээ.
Тэд эргүүл шалгалт хийж явах үед Согоотын ... тоотод айлын хашаа шатаж байсныг шуурхай очиж шалгахад иргэн Ц-ийн хашаанд гал гарч, түймэр байшин, хажуу айлын хашаа руу орох эрсдэл тулгараад байжээ.
Алба хаагчид хажуу айлын хүнээс нь “Онцгой байдлын газарт дуудлага өгөхийг хүсээд”, нэн түрүүнд гэртээ харгалзах хүнгүй байсан 4-12 насны гурван хүүхдийг аюулгүй газарт гаргаж, гарын доорх материал ашиглан түймрийг цурамд оруулаад байхад онцгой байдлынхан ирж, бүрэн унтраасан байна.
Мөн хашаанд гурван автомашин байсан бөгөөд гал тархсан бол илүү их эрсдэл дагуулах байжээ. Иймд иргэд та бүхнийг бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх, болзошгүй эрсдэл, аюул, ослоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.