УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзан, сүмогийн дэвжээнд ид хаваа үзүүлэн барилдаж, мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээнд 38 дахь удаагаа түрүүлсэнд нь баяр хүргэлээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд “Нутгийн дүү Хакүхо 38 башёд ялалт байгуулж, өндөр амжилт гаргаад эх орондоо ирлээ. УИХ-ын даргын хувьд, нэг нутаг усны ахын хувиар энэ амжилтаа цааш нь улам ахиулан баталгаажуулж, улс орон, нутаг ус, өөрийнхөө нэр төрийг арлын Япон Улсад олон жил дуурсгаж яваарай хэмээн хүсэн ерөөе” гэв.
Хакүхо М.Даваажаргал УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд тэмцээнээ амжилттай өндөрлүүлж, эх орондоо ирсэндээ таатай байгаагаа дуулгасан юм.
Тэрбээр “Бэлтгэл сургуулилалт сайхан байлаа. Гуравдугаар сарын башё эхлэхээс өмнө бэртэл аваад тэмцээнээ дуусгаж чадалгүй өнжсөн. Гэхдээ энэ сарын башёд ялалт байгууллаа. Намайг ид барилдаж байх энэ үед дөрвөн аваргатай болно гэж бодоогүй явсан. Сэтгэгдэл өндөр байна” хэмээн тэмдэглэсэн юм.
УИХ-ын дарга М.Энхболд “Аварга та “Токио 2020” зуны олимпийн наадам хүртэл түрүүлэх хэмжээнд барилдах бололцоо байгаа. Таны аав XX зуунд Монголын үндэсний бөхийн дархан аварга болж, чөлөөт бөхийн төрлөөр олимп, дэлхийн дэлхийн медаль хүртэж байсан бол Та XXI зуунд сүмо бөхийн их аварга болж Монгол түмнээ баярлуулж байна. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, ялалтаа үргэлжлүүлээрэй” хэмээн захилаа.