Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Үндэсний чуулганы өмнө Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 3 удаа салбар хуралдаан, хэлэлцүүлэг болох юм.
Өнөөдөр буюу 10 дугаар сарын 20-ны өдөр “Төвлөрлийг сааруулах, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр салбар хуралдаан, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Үүний өмнө 10 дугаар сарын 18-нд “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам”, 19-ний өдөр “Тээврийн хэрэгсэл, орчны бохирдлоос үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр тус тус салбар хуралдаан хийсэн билээ.
“Төвлөрлийг сааруулах, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулгын санаачилгаар агаарын бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах шийдлийг хамтран хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээний санал зөвлөмжийг боловсруулж шийдвэрлэх зорилгоор Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.
Хөдөө орон нутгаас нийслэлд шилжин суурьших иргэдийн тоо жил тутам дунджаар 4,9 хувиар өсч, 2004 онд хамгийн өндөр үзүүлэлт нь 68808 иргэн шилжин ирж, 2015 он хүртэл жилд дунджаар 31 мянга орчим иргэн, өнгөрсөн 2016 онд 29326 иргэн шилжин ирсэн статистик мэдээ байна.
Эдгээр тоон мэдээллээс үзвэл агаарын бохирдлыг бууруулахад төвлөрлийг сааруулах нь чухал ач холбогдолтой юм. Агаар, орчны бохирдолд санаа зовнидог, бууруулах чиглэлд сэтгэл зүтгэлээ зориулж буй үйл ажиллагаа эрхлэгчид, эрдэмтэн судлаачид та бүхэн салбарт тулгамдаж буй асуудал, бэрхшээл, өнөөгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж, цаашид шийдвэрлэх арга замыг хэлэлцэн ажлын уялдаа холбоогоо бэхжүүлэхэд чухал ач холбоглолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Өнөөдөр болсон “Төвлөрлийг сааруулах, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдаан, хэлэлцүүлгийн үеэр “Төвлөрлийг сааруулах хот байгуулалтын бодлого”, “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу төвлөрлийг сааруулах нь”, “Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, технологийн цогцолборын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”, “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх боломж, тулгамдсан асуудал”, “Улаанбаатар хотын төвлөрөл, түүнийг сааруулах арга”, “Эко хот төлөвлөлт” зэрэг сэдвээр илтгэл сонсч хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэхүү хэлэлцүүлэгт БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга, БСШУЯ-ны харъяа Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны дарга Ю.Энхбат, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, МУИС-ийн Газар зүйн тэнхимийн профессор Г.Гантулга, Майдар хот төслийн удирдагч Л.Баяртуул нар оролцож илтгэл хэлэлцүүллээ.
Үүний дараа оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, салбар хуралдааны төгсгөлд гарсан саналуудыг нэгтгэн танилцуулсан юм.
БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболдын илтгэлд дурдсанаар Улаанбаатар хот Монгол Улсын нийт газар нутгийн хоёрхон хувийг эзэлдэг ч ДНБ-ний 75 хувийг үйлдвэрлэж, эрчим хүчний 60 хувийг хэрэглэж, хүлэмжийн хийн 70 хувийг ялгаруулдаг байна. Нийслэлийн хүн ам өнөөдрийн байдлаар 1,4 саяд хүрсэн бөгөөд 2040 онд 2,4 саяд хүрэх тооцоо гарчээ. Монголын нийт хүн амын 70 хувь нь хот, суурин газарт амьдардаг байна.
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга илтгэлдээ Монголд 8-12 жилийн давтамжтайгаар ган, зуд болж, малынхаа 20-30 хувийг, зарим газарт 75 хүртэл хувийг хорогдуулдаг. Амьжиргааны эх үүсвэрээсээ салсан хүмүүс нийслэл бараадаж, хэт төвлөрлийг үүсгэж байгаа бөгөөд нийслэлийн нийт хүн амын 37 хувийг сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд бүрдүүлж байна гэлээ. Улаанбаатарын 5 хүн тутмын 2 нь хөдөөнөөс шилжин ирэгч байгаа ажээ.
Улаанбаатарыг анх 1954 онд орчин үеийн хот болгон төлөвлөхдөө монгол гэрийн маягаар тойрог хэлбэрээр төлөвлөн барьж байгуулж эхэлсэн нь хаана ч байхгүй өвөрмөц төлөвлөлт байсан ч сүүлдээ энэ төлөвлөлт алдагдсан. Одоо харин төвлөрлийг сааруулж нэг төвт хотоос олон төвт хот болгох хэлбэрт шилжиж байна гэв.
Илтгэгчид төвлөрлийг сааруулах бус, сарниулах, өөрөөр хэлбэл тараан суурьшуулах хэрэгтэйг дурдаж, Хархорин руу нийслэлийг нүүлгэх гэх зэргээр олон төвтэй болох ёстой гэж байлаа. Оюутны хотхоныг Багануурт байгуулахаар 20 мянган га газарт төсөл хэрэгжүүлэхээр болсон байна.
Мөн Богдхан уулын өмнүүр шинэ төмөр зам тавьснаар төвлөрлийг сааруулах нэг гарц болно гэдгийг илтгэгчид тэмдэглэв.
Майдар хот төслийн удирдагч Л.Баяртуул дагуул хотууд байгуулах замаар төвлөрлийг сарниулж болох талаар тодорхой жишээ баримттайгаар ярилаа. Түүний жишээ нь Майдар эко хот болохыг тэрээр танилцуулсан юм.
Энэ ажлыг 2012 онд төлөвлөж, 2030 оны хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагджээ. Гурван жил дараалан 17 орны 300 инженер зураг төсөл дээр ажилласан байна. Хөрөнгө оруулагчид эхний хэлэлцээрт өчигдрөөс орсон байна. Энд 300-400 мянган хүн амьдрахаар төлөвлөөд байгаа бөгөөд богино замын хот буюу нэг км радиус дотор ажлын байр, орон сууц, сургууль цэцэрлэг, үйлчилгээний газрууд байрлаж, иргэдийн тав тухыг хангах болно гэдгийг Майдар хот төслийн удирдагч Л.Баяртуул танилцуулав.