Монголын сонгодог бүтээлийг дэлхийн түвшинд хүргэж, таниулах их үйлст авьяас чадвараа дайчлан зүтгэж яваа Чингис хаан одонт, Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог III” тоглолтоо толилуулах гэж байна. Тоглолт арваннэгдүгээр сарын 10, 11-ний өдөр “The Corporate Convention centre”-д болно.
Тэрбээр анхны бие даасан “Монгол сонгодог” тоглолтоо 2011 онд хийж байсан бол түүний дараагийн “Монгол сонгодог II” тоглолтоо 2015 онд олон түмэндээ өргөн барьсан билээ.
Цагдаагийн "Сүлд" чуулгын дуучин, ОХУ-ын Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж буй тэрбээр энэ жил Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо болсон “BBC Cardiff Singer of the World” уралдаанд амжилттай оролцож, “Дэлхийн дуучин”-аар шалгарсан таван дуучны нэгээр тодорсон билээ.