БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Намянжү хотод зочилж, тус хотын дарга И Сог Ү-тэй уулзлаа.
1998 онд хоёр хот найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаас хойш бүхий л салбарт өргөжин тэлж, хөгжиж байгааг хоёр хотын дарга онцоллоо. Урилгыг нь хүлээн авч, Намянжү хотод айлчилж буйд тус хотын дарга И Сог Ү сэтгэл хангалуун байгаагаа хэллээ. Хоёр хотын хувьд соёл урлаг, боловсролын салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаагийн илрэл бол Намянжүгийн “Монгол соёлын хотхон” гэдгийг тодотгосон.
Соёлын хотхонд цирк, урлагийн жүжигчин гээд нийтдээ 32 хүн ажиллаж, уран бүтээлээ толилуулдаг. Жилдээ гадаад дотоодын 100 гаруй мянган жуулчин ирдэг. Монгол ёс заншлыг зөвхөн Солонгос төдийгүй олон улсад сурталчилж байгаа гэдгийг онцлов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ "Сүүлийн 10 гаруй жилийн турш хоёр хот сурагч солилцооны хөтөлбөрийг харилцан амжилттай хэрэгжүүлж, хоёр улсын түүх, соёл, ёс заншлыг өсвөр үеийнхэндээ харилцан таниулж, уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Түүнчлэн Улаанбаатар хотод Намянжүгийн гудамж, соёлын төвийг ч байгуулан, харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна" хэмээгээд Улаанбаатар хотын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсан Намянжү хотын дарга болон хамт олонд нь талархал илэрхийллээ. Мөн хоёр хотын найрамдалт харилцааг улам өргөжүүлэн, бэхжүүлэх зорилгоор 10 жилийн хугацаатай "Намянжү Дасаны ой” төслийг хэрэгжүүлэхээр ярилцлаа. Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, эко хот болоход Намянжү хотынхон туслах юм. Дасан гэдэг нь Намянжү хотоос төрсөн Солонгосын алдартай эрдэмтэн хүн. Тиймээс уг эрдэмтний нэрээр ийнхүү нэрлэхээр тохиролцжээ.
Ирэх онд хоёр хотын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой болно. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулах тухай ч хотын дарга нар хөндлөө.
Намянжү хотын дарга И Сог Ү нь 2014 оны Бүх ард түмний 6-р сонгуулиар хотын даргаар сонгогдсон. Тэрбээр хотын даргаар 3 удаа сонгогдсон улс төрч юм. Анх 2006 онд Намянжү хотын дарга болж байсан түүхтэй. Намянжү хотын даргын уулзалтанд Нийслэлийн иргэдийн Хурлын Төлөөлөгч Д.Баярсайхан, Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон албаны төлөөлөгчид байлцлаа.