Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр бонд, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн 72 тэрбумын асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Ж.Эрдэнэбатын Засгийн газар 650 сая ам.долларын бонд босгохоор ажиллаж байсан. Энэ бол манай Засгийн газрын сүүлчийн бонд. Би гэрээ хэлэлцээрийг нь эхлүүлж, гарын үсэг зурж байсан. Тэгэхээр бондын өрийг бондоор нь дарна гэж ойлгож болно. “Чингис” бонд нэг жилийн 4.125 хувийн хүүтэй байсан. Шинээр гаргаж буй бонд 5.625 хувийн хүүтэй байгаа. Эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг дүгнээд үзвэл харьцангуй амжилттай гэж хэлж болно. Хэрвээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрохгүйгээр ажлаа хийгээд явсан бол 2018 оны хоёрдугаар хагас гэхэд МУ-ын Засгийн газрын гадаад үнэт цаасны хүү жилийн 4.5 хувь, 2019 оны төгсгөл гэхэд 3.2 хувьтай болгох төсөл боловсруулаад явж байсан" гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Бондын хувьд өрийг өрөөр дарж байна гэж ойлгож болох уу?
-Өрийг өрөөр дарж байна гэж ойлгож болно. Жишээлбэл “Чингис 500” жилийн 4.125 хувийн хүүтэй байсан. Шинэ бонд 5.625 хувь буюу 1.5 хувиар өндөр байгаа. Гэхдээ эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг дүгнэхэд харьцангуй амжилттай гэж үзэж болно. Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасны хүү 10.9- 5.6 болж 5.3 пунктээр доошилж байгаа юм. Хэрвээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрохгүйгээр ажлаа цааш үргэлжлүүлсэн бол 2018 оны 2 дугаар хагас гэхэд гадаад үнэт цаасны хүү жилийн дөрөв орчим хувиас бууж, 2019 оны төгсгөл гэхэд 3.2 хувьтай болгохоор төлөвлөж байсан.
-ЖДҮ-ийг дэмжих зорилгоор 72 тэрбум төгрөгийг тодотголоор оруулж ирсэн асуудал багагүй шүүмжлэл дагуулаад байх юм?
-Гүтгэлгийн шинжтэй ийм асуудал ярьсан байсан. Анх удаа төсвийн орлого 1 их наядаар давсан. Үүний 500 сая ам.долларыг тулгамдсан байгаа өр төлбөрүүд болон нэг удаагийн арга хэмжээнүүдийг санхүүжүүлье гээд Засгийн газраас Төсвийн тодотголыг өргөн барьсан юм. Үүнээс 72 тэрбум төгрөгийг ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр суулгасан. Нийгэмд үүссэн байгаа ядуурлыг шийдэхийн тулд ЖДҮ-үүдийг дэмжих зорилгоор суулгасан юм. 72 тэрбум төгрөг ойролцоогоор 7200 өрхөд ЖДҮ-ийг нь дэмжих зорилгоор очих байсан.
-Яагаад энэ 72 тэрбум дээр гишүүн болгоны нэр ороод ирсэн юм бэ?
-Үүнийгээ нотлох хэрэгтэй. Төсвийн зарлагыг 498 тэрбумаар нэмэхээр оруулж ирэхдээ үлдсэн жаахан мөнгө 72 тэрбумаа ЖДҮ-ээ дэмжихдээ зарцуулъя гэж л оруулж ирсэн. Хэрвээ МАН-ын гишүүдийг хардаад байгаа бол 65 тэрбум байх ёстой биз дээ.
-Д.Эрдэнэбат гишүүн ч гэсэн гишүүдийн нэрээр орж ирлээ гэсэн, Сангийн сайдын зүгээс ч тийм гэдгийг нь хэлээд байсан шүү дээ?
-Гишүүдийн нэртэй зүйл гаргаад ирэхээр сөрөг хүчний зүгээс ийм асуудал ярих нь зөв л дөө.
-Шинэ Сангийн сайд төсвийн орлого тасарсан гэсэн. Гэтэл таны зүгээс нэг их наядаар давсан гээд хоёр эсрэг зүйл яриад байх юм?
-Төсвийн орлого нэг их наядаар давсан. Төсвийн зарлагыг 2.7 их наядын алдагдалтайгаар баталсан. Шинэ Засгийн газар гарч ирээд төсвийн алдагдлыг бууруулах бололцоо байсан. Алдагдлыг бууруулахад тэтгэврийг 50 хувиар, цалинг бууруулах байсан юм. Гэсэн ч ард иргэдийн амьдралд хүнд тусна гэж үзээд төсвийн алдагдлыг аажмаар бууруулъя гэдэг шийдэлд хүрсэн юм.
-Шинэ Засгийн газар шинээр гаргах бондыг чинь хэрхэн харж байгаа вэ?
-Бид сайн ажил хийчихлээ гэж өөрийгөө магтах нь гол биш байх. 2016 оны 5-р сард бондын хүү 10.9 хувь хүүтэй байсныг 5.3 хувиар буулгасан.
-Төрийн албан хаагчдад нэг удаагийн нөхөн олговор нэрээр 300 мянган төгрөг өгч байгаа асуудлыг хэрхэн харж байна вэ?
-Энэ асуудлыг Төсвийн тодотголоор ярьж байсан юм. Гэсэн ч ард түмний амтьдралд нөлөөлөхгүй гэдэг шүүмжлэл гараад байгаа. Энэ бол шууд нөлөөлөхгүй. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас орлогогүй иргэд рүү л чиглэсэн бодлого гаргах хэрэгтэй байх.