Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сүүлийн үед С.Зоригийн хэргийн талаар нилээд ярьж байна. Тиймээс энэ хэрэгтэй холбоотой зарим мэдээллийг иргэдэд өгөх нь зөв гэж үзлээ. Ц.Нямдорж гуай С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгаж ирсэн. Ямар санаа зорилготойг мэдэхгүй. Одоо тэр дахиад энэ хэрэг рүү орж байна.
Аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу С.Зоригийн хэргээр ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай заасан байдаг. Ц.Нямдорж гэж хүн энэ ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан. Улс төрийн зорилгоор. Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Одоо тэр нь эхэлж байна. Ц.Нямдорж гэж хүн ямар учиртай юм бэ. Тэр Алтанхуяг, Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сайттай. Энэ бүлэглэл 'Эрдэнэт' үйлдвэртэй холбоотой маш их шахаа хийдэг.
Баримтууд бий" гэлээ. С.Зоригийг хэн захиалж хөнөөлгөснийг тогтоох хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй, үргэлжилж байгаа гэлээ. Энэ талаар тэрбээр "Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэргийн мөрдөн байцаалт эцэслэгдээгүй байхад ажлын хэсгийг тараахаар зүтгэж байнаа.
С.Зоригийн аллагын хэргийг илрүүлэхээр шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийг өнгөрсөн 19 жилийн хугацаанд 10 удаа тараалаа. Үүний дөрвийг нь Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа тараасан. Энэ жишгээрээ тэр бас л энэ удаа сайд болонгуутаа С.Зоригийн хэргийг сөхөж байна. С.Зоригийн хэргийн захиалагчид холбогдох хэргийг шалгаж дуусаагүй байхад хэргийн материалыг ил гаргаад тавьчихвал юу болох билээ. Баримтыг одоо гаргаж тавих боломж бидэнд байхгүй. Тодорхой хугацааны дараа бүгд нээлттэй болно.
Өнөөдөр С.Зоригийн хэргийн захиалагчийн асуудлыг олон хүн хүссэн үедээ сөхөж ярьдаг. Үүнийг нэг нь улс төр болон бусад зорилгоор шүүрч авдаг Ц.Нямдорж. Тэр хүн сайд болохоороо юу хийдэг вэ гэвэл хэн нэгнээр хууль санаачлуулж, өргөн бариад, Тагнуулын ерөнхий газрын эрх мэдэл, бүх зүйл рүү халддаг.
Ц.Нямдоржийг гадны тагнуулын байгууллагатай холбоотой гэх хэргийг нууцлалын зэргээс гаргахад бэлэн
Ц.Нямдорж гэж хүн гадны тусгай албатай холбоотой байсан уу, үгүй юу гэдэг хэргийг бид буцааж шалгасан. Энэ хэргийг одоо нууцлалын зэргээс гаргаж болохоор болсон гэж үзэж байгаа. Гадны тагнуултай холбоотой хэрэг мэдээж адармаатай, хэцүү. Бид энэ асуудлаар баримтат кино хийж, гадны тусгай албадаас сэрэмжлүүлэх хэрэгтэй юм байна. Ц.Нямдоржийг гадны тагнуулын байгууллагатай холбоотой гэх 42 хуудас материал ТЕГ-аас алдагдсан тухай мэдээлэл байдаг. Энэ үнэн. Манай байгууллагын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ хэргийг шалгасан. Одоо нууцлалын зэргээс гаргахад бэлэн болсон.
Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын "Эрдэнэт" үйлдвэрт шахаа хийсэн баримт байна
Ц.Нямдорж сайд байхад нь 'Эрдэнэт'-ийн асуудлаар Д.Дорлигжав 800 гаруй мянган ам.долларын асуудалд орж, тэр хэрэг тэгсгээд замхарсан. Үүнээс гадна 2004, 2005, 2006 онд энэ хүн 'Эрдэнэт'-д Анхбаяр гэдэг хүнээр дамжуулж, 42 сая ам.долларын бараа нийлүүлсэн байдаг шүү. Ц.Нямдоржийн хүү, хуурай дүү нь гэж хоёр Анхбаяр байдаг. Хуурай дүү Анхбаяр нь оффшор бүсэд хөрөнгө нуусан асуудал яригдаж эхэлсэн. Харин түүний хүү Н.Анхбаярын “Анлимитед” компани 'Эрдэнэт' үйлдвэрт 2006 онд 255 мянган ам.долларын үнэтэй “Сиблитмаш” үйлдвэрийн хэвлэлийн машин шахсан баримт энэ байна. Орос хэлээр байгуулсан худалдан авалтын гэрээг Тагнуулын байгууллага өнөөдөр та бүхэнд задалж байна.