ТЕГ-ын дарга Б.Хурц өнөөдөр Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой мэдээлэл хийсэн. Тэгвэл энэхүү мэдээллийн хариуд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хариу тайлбар өглөө.
-ТЕГ-аас С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг солихыг эсэргүүцэж мэдэгдэл хийлээ. Та үүнд тайлбар өгөөч?
-Б.Хурц хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Зул бөхөхийнхөө өмнө бадамлаж асдаг. Тэр л болж байгаа болов уу. Би УИХ-д байр сууриа хэлсэн. Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Өөрийгөө солигдохоо мэдчихээд тэгж байна. Энэ асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Нэг цагийн дотор амжиж энэ асуудлыг шийднэ. Надад хэлж амжаагүй үг байгаа. 'Эрдэнэт'-ийн 49 хувийг ийш тийш болгох ажиллагаанд Б.Хурц оролцсон шүү. Д.Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү. Ийм оролцоотой, ийм учиртай юм. 'Эрдэнэт'-ийн асуудлаар шийдвэр гаргахаас урьтаж тэд нар ийм мэдээлэл хийж байгаа юм байна л даа.
-Таны хүү Н.Анхбаяртай холбоотой "Эрдэнэт" үйлдвэрт 42 сая ам.долларын шахаа хийсэн гэх асуудлыг ТЕГ-аас ярилаа?
-Миний хүү Н.Анхбаярын тухай мэдээлэл гарч байсныг одоо олон нийт мэдэж байгаа. Харин тэр нөгөө Анхбая нь бол миний багшийн хүүхэд. Намайг тагнахын тулд тэр Анхбаяр дээр ТЕГ ажиллагаа хийсэн. Намайг бүтэн жил тагнасан. Би хууль, хяналтын байгууллага толгой дээр гараад байна гэж хэлээд байгаа чинь энэ шүү дээ. Би Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг байхад Б.Хурцыг дагуулж ороод, хууль бус тагнуул хийж байна гэдгийг нь хэлж байсан. Тагнуулын байгууллага гадаад тагнуул, сөрөх тагнуул гэсэн хоёрхон эрхтэй газар. Гэтэл өнөөдөр гадаадын тусгай хүч шалгадаг, улсын аюулгүй байдлыг хамгаалдаг дарга нь ажлаа өгөхийн өмнө улстөржсөн мэдэгдэл хийж байгааг юу гэж ойлгох уу.
-Таныг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад тагнуулын байгууллагаас 40 гаруй баримт алга болсон нь үнэн юм уу?
-Тэр баримтуудыг чинь 1998 онд н.Баатар хулгайлж аваад гарсан.
-Таныг гадаадын тагнуул гэдэг баримт бий гэж хэллээ ?
-Би тагнуул байсан бол шалгаж, шийтгэх нь яасан юм. Тагнуул биш гэдгийг нь нотлох хоёр ч баримт бий. Гадаадын тагнуул гэж гүтгэсэн, улсын нууц задруулсан гэсэн долоо жилийн ялын тогтоолтой шийдвэр нь миний ширээн дээр байгаа.
-С.Зориг агсны хэргийн ажлын хэсгийг таныг дөрвөн удаа өөрчилж, хүмүүсийг нь ажлаас халж байсан гэх юм. Энэ талаар тайлбар өгөөч?
-Би ажлын хэсэгт өөрчлөлт оруулж байгаагүй. Харин одоо захиалагчийг илрүүлэх ажлын хэсэгт орсон цагдаагийн төлөөллийг солиулна. Захиалагчийг нь олоогүй байж хүн захиалгаар алсан гэдгийг тогтоож, шийтгэнэ гэдэг бол хуулийн хүн байтугай жирийн хүн ч ойлгохоор зүйл.
-Захиалагчийг нь зарлах цаг болоогүй учраас мэдээлэхгүй байгаа гэдгийг Тагнуулын дарга хэлсэн байсан?
-Тэр асуудлыг Б.Хурц мэддэггүй юм. Би шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг нь ил болгох үүрэг өгсөн. Сналаа Засгийн газарт удахгүй өгнө.
-С.Зориг агсны хэрэг илрэхгүй удсан нь таньтай холбоотой гэж байна?
-С.Зоригийн хэрэг надтай холбоотой зүйл огт байхгүй. Б.Хурц яагаад сандраад байна вэ гэхээр хүмүүсийг ухвар мөчид баримтаар, хилсээр хэрэгт хийсэн нь илрэх вий гэдгээс үхтлээ айж байгаа юм.
-Тагнуулын даргын мэдээлэл цаанаа ямар нэг улс төрийн зорилготой байж болох уу?
-Цэвэр улс төрийн зорилготой. Хууль, хяналтын байгууллагууд улс төрийн бүлэглэл, намууд, дарга нарт үйлчилдэг нь илэрч, түүнийг нь нураах гэхээр үхтлээ айж байгаа юм.
-Б.Хурцын ард хэн байгаа гэж та хардаж байгаа гэж?
-Зөндөө хүн бий. Наад нам дамжсан бүлэглэл чинь тэр чигээрээ байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийн тал ч бий. Энэ бол зөвхөн эхлэл.
-Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нартай холбоотой хэргийг та нуун дарагдуулсан уу?
-Тэр хоёр надад ямар ч хамаагүй. Бид гурав бас улс төрийн хашааг мэднэ шүү. Бид улс төрийн өөр харьяалалд байдаг учраас амин хувийн асуудлаар холбогддоггүй. Ер нь бол их айж байгаа юм байна, энэ хүмүүс.
-Тагнуулын ерөнхий газрын дарга солигдох уу?
-Би солино.
-Тагнуулын удирдлага Хууль зүй, дотоод хэргийн сайдынхаа талаар ийм мэдээлэл хийх нь хэр зохистой юм бэ?
-Хуулийнхан толгой дээр гарч байсны илрэл нь энэ. Бүгдийг нь хувааж аваад, айлгадаг, дээрэмддэг. Б.Хурц өнөөдөр өөрийгөө илчилчихлээ. Ийм мэдээлэл хийнэ гэдэг нь өөрөө ёс суртахуунгүй асуудал. Бүр жинхэнэ дампуураад болохоо байсны шинж. Тэр дундаа ажлаа өгөхөө мэдээд, ийм мэдэгдэл хийж байгаа нь Б.Хурц өөрөө улс төрийн тагнуул байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.
-Та ийм дайралт ирнэ гэдгийг мэдэж байсан уу?
-Би мэдэж байсан.
-С.Зоригийн хэргийн захиалагч нь таны үед илрэх болов уу?
-Тэрийг мэдэхгүй байна.
-С.Зоригийн хэрэг дээр хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?
-Эхний ээлжинд ажлын хэсгийг өөрчилнө. Тэгээд шалгадаг байгууллага нь шалгана. Цагдаа, ТЕГ бол Засгийн газрын байгууллага. Би тэр захиалагчийг нь олсон бол баримттай нь гаргаж, шалгах ёстой гэдгийг хэлсэн. Хэрэв захиалагчийг нь олсон бол шууд зарлах хэрэгтэй. Би жилийн өмнө Б.Хурцыг өрөөндөө дуудаж, өргөдлөө өгөөд яв гэж хэлж байсан. Чиний талаар маш муу зүйлс яригдаж байна гэдгийг хэлсэн. Тэр үед намайг Б.Хурц тагнаж байсан. Энэ үйл явц ерөнхий том дүнгээрээ манай улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй тагнуулын байгууллага нь улстөрчдийг тагнадаг, хууль хяналтын байгууллагыг хянадаг гэдгийг харуулж байгаа юм. Томилгоогоор дамжуулж, өөрсдийн хүнээ цагдаад шургуулж, цагдааг удирдах ажил хийж байгаа. Би үүнийг нь цэвэрлэнэ.
-Тагнуулын байгууллага ганцхан таныг тагнаж, чагнасан уу. Эсвэл бүх УИХ-ын гишүүдийг чагнадаг юм болов уу?
-Бүгдийг нь тагнаж, чагнадаг гэдгээ хэлээд байгаа юм биш үү. Би ер нь цагдаагийн байгууллага дотор өөрийн мэддэг хүрээнд цэвэрлэгээ хийнэ.
-Таныг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа Дамирангийн Энхбатыг баривчлахад Б.Хурц оролцож байсан гэсэн мэдээлэл байдаг?
-Одоо хэлье, тэр хүнийг хулгайлж ирсэн хүн нь Б.Хурц. Хууль зүй, дотоод хэргийн яаманд Тагнуулын байгууллага хийж буй үйлдлээ мэдэгддэггүй.