Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын төрийн далбаа, Нийслэлийн тугийг мандуулах ёслол болов.
Туг мандуулах ёслолд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон нийслэлийн үе үеийн удирдлагууд оролцлоо.
Нийслэлийн туганд Богдхан уулын уламжлалт шүтээн Хангарьдыг дүрсэлсэн байдаг. Хангарьд нь бат түвшин эрэмгий байдлыг илэрхийлж нийслэл хот өргөжиж алдар нэр нь тив дэлхийд мандан бадрахын утга санааг агуулна.
Мөн Хангарьд нь магнайдаа төрт ёс, эрдэм мэдлэгийн бэлгэдэл соёмбо тэмдэгтэй, баруун гартаа түмэн олондоо үүд хаалгаа цэлгэр сайхнаар нээж өөдлөн дэвшихийн санааг илэрхийлсэн очир бариулт түлхүүр, зүүн гартаа энэлэн үгүй ариун тэгш оршихуйн баталгаа бадам цэцгийг нандигнан барьж, аливаа хорын үндсийг эгнэгт устган дарах санааг илэрхийлэн могойг гишгэн зогсож буйг дүрсэлжээ.