Тээврийн хэрэгсэл болон эзэмшигчийн лавлагааг ирэх сараас ТҮЦ машинаас олгох болжээ.
Иргэд өөрийн эзэмшлийн автомашинаа бусдад худалдах эсхүл орон нутагт шилжин суурьшихдаа тээврийн хэрэгслийнн шилжилт хөдөлгөөнөө АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх ёстой. 2016 онд тус хэлтэс 203 мянга 532 машины зэмэшигчийн нэр, харъяаллыг шилжүүлж байсан бол энэ оны аравдугаар сарын байдлаар 249 мянга 345 болж нэмэгдсэн байна. Энэ нь тус төвийн ачаалал эрс нэмэгдэж буйн илрэл юм.
Тиймээс дарааллыг бууруулах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх үүднээс тээврийн хэрэгсэл болон эзэмшигчийн лавлагааг ТҮЦ машинаас олгох болжээ.
Нөгөөтэйгүүр хуучирч, ашиглахаа болсон тээврийн хэрэгслийн улсын дугаарыг мөн тус хэлтэст хандан хасуулах ёстой. Бүртгэлээс хасуулаагүй тохиолдолд жил бүр тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр дээр агаарын бохирдлын болон бусад албан татвар бичигдэж, иргэд татварын өрөнд орох тохиолдол байдаг аж.
Татварын ерөнхий газар, АТҮТ хамтран гаргасан судалгаагаар сүүлийн дөрвөн жилд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар зэрэг татвар, хураамжаа төлөөгүй 95 мянга 777 тээврийн хэрэгсэл эзэмшигч байгаа юм. Эдгээр автомашины улсын дугаар болон эзэмшигчийн жагсаалтыг www.transdep.mn цахим хаягт байршуулжээ.
Иргэд энэхүү жагсаалтаас тээврийн хэрэгслээ хасуулахыг хүсвэл Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Цирк дэх салбарт очиж, хасуулах боломжтой аж.