Мөрийн хөтөлбөр, дүрэм, дарга, удирдлагаа өөрчлөн шинэчлэх МАН-ын XXVIII Их хурал өнөөдөр Улаанбаатар хотноо 1309 төлөөлөгчтэйгөөр эхэллээ.
Их хурлыг нээж МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд төлөөлөгчөөр сонгогдсон намын гишүүд, зочдод талархал илэрхийлээд хурлын тэргүүлэгчдийг есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа. Төвийн бүсийн тэргүүлэгчээр М.Энхболд, нийслэлийн бүсийн тэргүүлэгчээр Д.Амарбаясгалан, А.Ундраа, Ө.Энхтүвшин, хангайн бүсийн тэргүүлэгчээр Я.Содбаатар, говийн бүсийн тэргүүлэгчээр Н.Наранбаатар, Б.Сэмжидмаа, Б.Өлзийбаян, А.Женисхан зэрэг есөн тэргүүлэгч хурлыг удирдан зохион байгуулахаар санал хурааж дэмжигдлээ. Үүний дараа нь МАН-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл танилцууллаа. Нэг цаг, 30 минут үргэлжлэх илтгэлд МАН-ын даргын албыг хоёр удаа хашиж ажилласан тайлан, 2012-2016 онд цөөнх болж, сөрөг хүчнээр ажилласан болон 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалт, Ерөнхийлөгчийн сонгуульд гурван удаа дараалан ялагдсан зэргийг тэрбээр илтгэлдээ онцолж байв. Мөн намын ялалт, ялагдлын шалтгаан, цаашид баримтлах бодлогын талаар дэлгэрэнгүй тайлагнаж байгаа юм.
Тэрбээр “Нэгэн зууны түүхтэй МАН-ын 28 дахь их хурал эхэлж байна. Манай намын Их хурал болгон Монгол орны шинэ ирээдүйд тэмүүлсэн түүхийн тод хуудас, хөгжил дэвшлийг тодорхойлогч түлхүүр хүчин зүйл болж ирсэн юм. Энэ агуулгаар XXVIII их хурлаас ч гэсэн Монголын ард түмэн ихийг хүсэн хүлээж байгаа. Улс орны хийгээд намын амьдралын тулгамдсан олон асуудалд нэг мөр хариулт өгсөн, зорих зам, хандах зүгээ зөв тодорхойлсон түүхэн ач холбогдолтой хурал болно гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, намынхаа улс төрийн бодлого, үйл ажиллагааг шинэчлэн тодорхойлох, нийгмийг шинэ тэмүүлэлд сэрээн дуудах эрхэм зорилгод тань амжилт хүсье” гэв.
Дөрвөн жил тутамд хуралдаж, намын дарга, удирдлага, дүрэм, хөтөлбөртөө өөрчлөлт оруулдаг МАН-ын Их хурал өнөөдөр эхэлж, гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд намын даргын илтгэлээс гадна Ерөнхий нарийн бичгийн дарга, Хяналтын хорооны тайлан илтгэл, 27 дугаар их хурлаас хойшхи Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал болон МАН-ын өнгөрсөн хугацааны үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх зорилтыг агуулсан томоохон илтгэлүүдээр өрнөх юм. Мөн намын мөрийн хөтөлбөр, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн баталж, МАН-ын цаашид дөрвөн жил удирдах даргыг сонгох сонгууль явуулна. Тус намын даргад өрсөлдөхөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын Бага хурлын гишүүн Н.Дэмбэрэл нар нэрээ дэвшүүлж буйгаа олон нийтэд зарлаад байна. Мөн тус намын гишүүн “Монгол бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг намын даргад нэрээ дэвшүүлж буйгаа илэрхийлж, хүсэлтээ хүргүүлээд байгаа юм.