МАН-ын 28 дугаарI Их хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд 1309 төлөөлөгчтэйгөөр эхэллээ.
Их хурлыг нээж МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд төлөөлөгчөөр сонгогдсон намын гишүүд, зочдод талархал илэрхийлээд “МАН-ын үндсэн дүрмэнд заагдсаны дагуу МАН-ын Их хурлыг Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн өвлийн эхэн сарын шинийн 2-ны билэгт сайн өдөр хийе гэж товлосон билээ. Товлосон өдөр өнөөдөр тохиож байна. Ээлжит Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон журмын нөхөд, Их хурлын нээлтэд оролцож буй зочид төлөөлөгчид Та бүхний ажил амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ. Үүний дараа тэрбээр намын даргын илтгэл танилцуулж байна.
МАН-ын даргын албыг хоёр удаа хашиж ажилласан тайлан, 2012-2016 онд цөөнх болж, сөрөг хүчнээр ажилласан болон 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалт, Ерөнхийлөгчийн сонгуульд гурван удаа дараалан ялагдсан зэргийг тэрбээр илтгэлдээ онцолж байв. Мөн намын ялалт, ялалгдлын шалтгаан, цаашид баримтлах бодлогын талаар дэлгэрэнгүй тайлагнаж байгаа юм.
Дөрвөн жил тутамд хуралдаж, намын дарга, удирдлага, дүрэм, хөтөлбөртөө өөрчлөлт оруулдаг МАН-ын Их хурал өнөөдөр эхэлж, гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд намын даргын илтгэлээс гадна Ерөнхий нарийн бичгийн дарга, Хяналтын хороо тайлан илтгэл, 27 дугаар их хурлаас хойшхи Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал болон МАН-ын өнгөрсөн хугацааны үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх зорилтыг агуулсан томоохон илтгэлүүдээр өрнөх юм.
Мөн намын мөрийн хөтөлбөр, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн баталж, МАН-ын цаашид дөрвөн жил удирдах даргыг сонгох сонгууль явуулна. Тус намын даргад өрсөлдөхөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын Бага хурлын гишүүн Н.Дэмбэрэл нар нэрээ дэвшүүлж буйгаа олон нийтэд зарлаад байна. Мөн тус намын гишүүн “Монгол бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг намын даргад нэрээ дэвшүүлж буйгаа илэрхийлж, хүсэлтээ хүргүүлээд байгаа юм.