“TOЯA” хүүхэд хөгжлийн академиас дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа соробан сампин, ой тогтоолтын “НАМРЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН” өнөөдөр MҮЭСТО-д болно. Тус тэмцээнд 10 аймаг, нийслэлийн долоон дүүргээс нийт 800 орчим хүүхэд оролцоно.
Тус академи нийслэлийн найман дүүрэг, хөдөө орон нутгийн 20 аймгийн сургалтын төв, сургууль, цэцэрлэгүүд дээр соробан сампин, баруун тархи хөгжүүлэх сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Тус академиас жил бүрийн хавар “ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”, намар “НАМРЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН” зохион байгуулж үүнээс шилдэг суралцагчдаа шалгаруулан олон улсын тэмцээн, уралдаанд амжилттай оролцдог билээ. Тус тэмцээнүүд нь Монгол улсын хэмжээнд хамгийн олон аймаг, дүүргүүдийн хүүхэд, багачуудыг хамруулсан хамгийн өрсөлдөөнтэй, өндөр зэрэглэлийн тэмцээнд тооцогддог. Өнгөрсөн зургадугаар сард зохиогдсон ҮАШТ-ээс шалгарч, олон улсын тэмцээнд оролцох эрх авсан нийт 78 суралцагч 11 багшийн бүрэлдэхүүнтэйгээр Малайзын нийслэл, Куала Лампур хотод энэ оны 12 дугаар сарын 10, 11-нд зохиогдох “ЧЭЭЖ ТООЛОЛ, СОРОБАН САМПИНГИЙН 22 ДАХЬ УДААГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-д оролцох гэж байна.
Тус тэмцээнд нийт дэлхийн 50 гаруй орны 10000 орчим хүүхэд оролцох бөгөөд Монгол Улсыг төлөөлж “ТОЯА” хүүхэд хөгжлийн академиас оролцох хот, орон нутгийн тус 78 суралцагчид энэ оны 6-р сараас хойш хүүхдийн зуны амралтаар, 9-р сараас хойш амралтын өдрүүд, хичээлийн бус цагаараа академи дээр тасралтгүй эрчимтэй нэгдсэн бэлтгэлээ хийж байна. Оюуны спортын соробан сампин, чээж тооллын төрөлд манай академиас оролцсон сурагчид жил бүр олон улсын тэмцээн, уралдаанд гаргасан амжилтаа ахиулж, Монгол улсынхаа нэрийг дэлхийд дурсгах болоод удаж байна.Соробан сампингаар хичээллэн сэтгэн бодох чадвар, анхаарал төвлөрөл, хурд, ой тогтоолтоо шаргуу хичээл, зүтгэлийн үр дүнд хөгжүүлж, олон улсад Монгол улсынхаа нэрийг гаргаж буй бяцхан сурагчиддаа амжилт хүсье .