Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг "Алдарт эх" нэг, хоёрдугаар одонгоор шагнав.
Тэдний төлөөлөл болох 108 эхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд "Алдарт эх" нэг, хоёрдугаар одон гардуулсан юм.
Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ээжүүддээ эх, үрсийн баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Өнөөдөр бид Төрийн ордонд 108 ээжид “Алдарт эх”-ийн одон гардуулж өглөө. Нэг мэргэн хүн хэлсэн байдаг. “Дарь эх 21 байдаггүй юм. Даруухнаар айл бүрт нэг нэгээрээ байдаг юм” гэсэн байдаг. Та бүхэн бол үнэхээр Монголын айл бүхэнд байгаа манай эрхэмсэг Дарь эхүүд.
Өнөөдөр Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртсэн нийт ээжүүд болон ээжүүдээр дамжуулан нийт хүүхдүүд, аавууд, ойр дотнын бүх хүмүүст чинь хамгийн сайн сайхан, энэ хорвоогийн аз жаргалыг хүсч, та бүхний аз хийморь үргэлж өөдөө бадарч явахын өлзийтэй ерөөлийг дахин өргөн дэвшүүлье.
Манай ээжүүд улс орны ачааг, айл гэрийн ачааг нуруундаа үүрч явдаг хүмүүс. Манай ээжүүд үр хүүхдээ улам сайн өсгөн хүмүүжүүлж, Монгол Улсын идэвхтэй, сайн, бүтээлч иргэн болгож чадна гэдэгт итгэж байна. Манай ээжүүдийн ажил үйлс, хөдөлмөрөөс Монголын ирээдүй ихээхэн хамаарна гэдгийг энд хэлье.
Монголынхоо нийт ээжүүдэд, нийт эмэгтэйчүүдэд бүгдэд нь баярын мэнд хүргэе. Нийт хүүхдүүдэд бүгдэд нь баярын мэнд хүргэе. Өнөөдөр энэ хүндэт танимд ирж одонгоо гардаж авсан нийт ээжүүдэд дахин баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Алдарт эхийн одон хүртсэн ээжүүдтэй дурсгалын зураг татууллаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн Сүхбаатарын талбай, АСЕМ-ийн хөшөөтэй цэцэрлэгт очиж баяраа тэмдэглэж буй ээжүүд, хүүхдүүд, иргэдэд баярын мэнд хүргэлээ.