ХХААХҮЯ, Монголын сүүний нэгдсэн холбоо, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран өнөөдөр 10 мянган хүүхдэд үнэгүй сүү тараах арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле хэлэхдээ, “Засгийн газраас “Эрүүл хүнс–Эрүүл Монгол хүн” зорилтын хүрээнд “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зарласан. Аяны хүрээнд сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуй, сүү боловсруулах салбарыг хөгжүүлэх, сүүний хэрэглээг дэмжих талаар олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Өнөөдрийн арга хэмжээнд сүүн хандив өргөж 10 мянган хүүхдэд сүү бэлэглэж байгаа Монголын сүүний нэгдсэн холбооны гишүүн фермерүүд болон “АПУ” сүүний үйлдвэрийн хамт олонд талархал илэрхийлье” гэв.
“Монголын сүүний өдрүүд” арга хэмжээ өнөөдрөөс эхлэн ийнхүү 10 хоног үргэлжилнэ. Энэ үеэр сүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулах юм.