Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордны “А” танхимд эхлээд байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүдээс Л.Болд, Ж.Батзандан, А.Сүхбат нар оролцож байгаа бол мөн С.Зориг агсны хэрэгт холбогдож ял авсан А.Содномдаржаагийн ээж н.Жавзмаа, Ц.Амгаланбаатарын гэр бүл мөн Т.Чимгээгийн төрсөн ах, нөхөр, Дамирангийн Энхбатын гэр бүл, ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогбаатар, ТЕГ-ын Улсын төсөв, орлого хяналтын газрын Эрсдэлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга асан Д.Энхбат нар иржээ.
Харин УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна.
Ийнхүү өнөөдөр Монголын томчуудыг "төмсөгдчихсөн" гэгдээд байгаа Б.Хурцыг Солонгос Улс руу элчин сайдаар явуулах эсэх асуудлыг эцэслэн шийдэх юм. Харин түүнийг явуулахгүй харин ч хариуцлага тооцуулах ёстой хэмээн үзэж энэ асуудал хөндөгдөж эхэлсэн цагаас тэмцэж байгаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан нээлттэй хэлэлцүүлэгээ үргэлжлүүлсээр байна. Өөрөөр хэлбэл, Б.Хурцын томилгооны хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар оролцоогүй нээлттэй хэлэлцүүлэг дээрээ сууж буй юм.