УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр шийднэ. Учир нь Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа тус асуудыг хэлэлцэх юм. Үндсэн хуулийн цэцэд нэгэн иргэн УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлаар гомдол гаргажээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэж өгнө үү хэмээн гомдол гаргасан байна. Уг гомдлыг Үндсэн хуулийн цэц үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хууль зөрчиж байна хэмээн УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдэх юм. Учир нь, Цэц Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн тохиолдолд тухайн заалтын үйлчлэлийг нь түдгэлзүүлдэг аж. Хэргийг эргэн сануулбал УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн зургадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон. Гэвч Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Батбаяр “Хүчирхийлсэн нь тогтоогдохгүй байна” хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар өнгөрсөн наймдугаар сарын 25-нд уг хэргийн материалыг Улсын ерөнхий прокурорын газар хянаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын шийдвэрийг цуцлан, сэргээн шалгуулахаар болсон юм. Дахин шалгаж үзэх ёстой гэж үзсэн энэхүү хэргийн мөрдөн байцаалт дуусах шатандаа орсон гэх мэдээлэл бий. Тодруулбал, Улсын ерөнхий прокуророос түүнийг яллагдагчаар татах саналаа энэ долоо хоногт УИХ-д хүргүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.