Б.Пүрэвдорж: Засгийн газар, Их хурал урт хугацаанд тогтвортой шийдвэр гаргаж чадахгүй байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулган хаалтаа хийсэн. Намрын чуулганы үр дүнг та хэрхэн тодорхойлох вэ?
-УИХ-ын дарга намрын чуулганыг хааж их гайхамшигтай үг хэлсэн. Харамсалтай нь иргэдтэй уулзахаар амьдрал хүнд байгааг ярьж байна. Түүнчлэн төрөөс явуулж буй бодлого, шийдвэр амьдралд нийцэхгүй байгаа. Ялангуяа УИХ-ын чуулганы үйл ажиллагаа, гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал иргэдийн дунд дургүйцлийг төрүүлээд байгаа л даа. Үүн дээрээ Их хурал анхаарч ажиллахгүй бол болохгүй. Өнгөрсөн намрын чуулган бол зөвхөн томилгоонд хамаг цагаа зарцуулсан. Өөр нэг зүйл нь эрх баригч МАН-ын бүлгийн гишүүдийн хоорондын талцал хуваагдал үргэлжилсээр ард түмний эрх ашгийн төлөө явсангүй.

Томоохон бичиг баримтын тухайд Төрийн албаны тухай хуулийг хэлэлцэн баталсан. Гэсэн ч уг хууль нь зөвхөн МАН-ын гишүүдэд зориулсан хууль болсон. Түүнээс биш төрийн албыг тогтвортой байлгахад чиглэсэн юм биш. Эрх баригчид Ардчилсан намын чигийн хүмүүсийг бүгдийг нь ажлаас халаад өөрийн намын хүмүүсийг оронд нь байршуулж, дараа нь төрийн албанд гаднаас хүн авахгүй цоожлох тийм л хууль болсон. Оны эцэст Төсвийн тухай хуулийг баталсан ч төсвийн үрэлгэн зардал нэмэгдсэн. Хамгийн муухай нь төрийн үрэлгэн зардлаа ард түмэндээ татвар нэрээр нэмж ачаа болгон үүрүүлсэн. Дарга нарын тансаглал, үнэтэй машин, үнэтэй тоног төхөөрөмжийн зардал болон хувирсан.

-Та бол намрын чуулганыг үр дүн муутай болж өнгөрсөн гэж үзээд байгаа юм уу?
-Бодлогын түвшинд томоохон баримт бичиг орж ирээгүй. Сошиалаар ямар асуудал дэвэрч байна түүнд хариулт өгөх маягаар өдөр хоног аргацаасан зүйлийг Засгийн газар хийж байна. Үндсэндээ Их хурал тийм ч сайн ажилласангүй. Хүлээлтээс доогуур байгаа нь ил харагдаж байна шүү дээ.

-Засгийн газар 100 хоногийн тайлангаа тавьсан. Засгийн газрын үйл ажиллагаан дээр ямар дүгнэлт өгөх бол?
-Засгийн газар бидний хийсэн ажил гээд 32 зүйлийг дугаарлан гаргасан байна лээ. Тэдний ихэнх нь Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын үед хийгдэж эхэлсэн болон хийгдсэн ажлууд байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар алдаагүй сайн ажиллаагүй шүү дээ. Тиймээс тэдний алдааг засахын тулд дараагийн Засгийн газрыг байгуулсан. Шинэ засаг байгуулагдаад 100 хоног дээрээ С.Зоригийн хэргийг илрүүллээ гэж хийсэн ажилдаа хамаатуулж байх жишээтэй. Энэ хэрэг маргаан хэзээ яаж шийдэгдсэн юм бэ. Бүгд л мэдэж байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар С.Зоригийн хэргийг илрүүлсэн гэх ямар ч сэжимээр холбогдохгүй.

Засгийн газар ингэж ажилласан тэгж ажилласан гээд байгаа. Тэгээд хэний амьдрал сайжирчихсан юм бэ. Үнэхээр эргэлзээтэй. Хийсэн ажил тун цөөхөн байж, хийх ажлынхаа жагсаалтыг гаргачихаад бид хийсэн гээд байгаа нь эмгэнэл л дээ.

Уг нь Засгийн газар геополитик талаасаа хоёр хөрш оронтойгоо хамтран ажиллах зүйл дээрээ анхаарах ёстой. Хэрэгжих нь эргэлзээтэй зүйлс оруулж ирчихээд хөөрөөд байх юм. Эхлээд дотооддоо улс төрийн нөхцөл байдлаа яаж шийдвэрлэх гээд байгаа юм бэ. Хойд, урд хоёр хөрштэйгээ хэрхэн учраа ололцож, томоохон төсөл хөтөлбөрөө явуулах вэ. Энэ асуудлууд тодорхойгүй хэвээр үлдсэн. Монголд хэрэгжиж буй томоохон төслийн ард үргэлж том улс төр явж байдаг. Тэр нь үе үеийн Засгийн газарт нөлөөлж ажил урагшлалгүй, гацдаг. Засгийн газрын хийх гэж буй ажлууд үе үеийн Засгийн газрын хийнэ гэж амалдаг амлалтууд байна. Харамсалтай нь хийдэггүй. Тиймээс энэ бүхэн ч гэсэн замхрах байх.

-УИХ дээр хамгийн их анхаарал татаж шүүмжлэлд өртөж буй зүйл нь ирц. Цаашид ирцийг бүрдүүлэх тал дээр ямар арга хэмжээ авах бол?
-Ардын намынхан ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, өнгөрөгч хаврын чуулганаар долоон төрлийн татварыг бий болгосон. Өнгөрөгч оны сүүлээр хэлэлцсэн 2018 оны төсвийн хуулинд дахин хоёр төрлийн татвар бий болгож байх жишээтэй. Энэ нь урт хугацааны бодлого шийдвэргүй явж ирсний хар гай. Тухайлбал, автомашины онцгой албан татварыг нэмчихсэн. Гэтэл автомашин импортлогчид талбай дээр приус машин шатаангуут долдугаар сарын нэгнээс хэрэгжинэ гээд Ерөнхийлөгчийн сонгуулийг аргалж байх жишээтэй.

Хүүхдийн мөнгийг 40 хувьд нь олгоно гэж хавар нь төсвийн тодотголоор шийдчихээд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гаргасан шийдвэрээсээ буцаад 100 хувь олгосон. Тэгснээ 2018 оны төсөвтөө 80 хувьд нь олгохоор тусгасан. Төр байнгын ийм хэлбэлзсэн шийдвэр гаргаад байж болохгүй. Төр нь гаргасан шийдвэрээсээ эргэж буцаад байгаа болохоор ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвартай холбоотой эргэж буцсан шийдвэрүүд нь бизнес эрхлэгчдийг тогтвортой үйл ажиллагаа явуулахад сөргөөр нөлөөлдөг. Засгийн газар, МАН, Их хурал ч тэр урт хугацаанд тогтвортой шийдвэр гарган ажиллаж чадахгүй байна.

-Та Их хурал, Засгийн газар, сөрөг хүчнээ хангалттай шүүмжиллээ. Ардчилсан нам, АН-ын бүлэг яг юу хийж байгаа юм бэ. Бид есхөн гишүүнтэй гээд шүүмжлээд суугаад байх юм уу?
-Ардчилсан намын гишүүд УИХ-аас гарч буй шийдвэр болгон дээр ард түмний хүсээд буй үгийг бүрэн дамжуулж чадсан. Харамсалтай нь эрх баригчид үүнийг хүлээж авалгүй асуудлаа шийдээд явсан. Тухайлбал, долоон төрлийн татвар нэмэхэд Ардчилсан намын бүлгийн гишүүд хамгийн их дуугарч, тэмцсэн. Гэтэл зарим хүмүүс дуугүй л байсан. Халамжийн бодлогыг монголд хавтгайртал нь МАН хэрэгжүүлж эхэлсэн. 2016 онд 270 тэрбум төгрөгийн халамжийн бодлогыг ардчилсан засгийн үед явуулж байсан бол 2018 оны төсөвт 777.8 тэрбум төгрөгийг халамжид зарцуулахаар болсон. Ийм бодлого байх уу. Нөхрийнх нь цалингаас 300-400 мянган төгрөгийн татвар авчихаад эхнэрт нь "Цалинтай ээж" хөтөлбөр шүү гээд 50 мянган төгрөг өгдөг.

Эхнэр нь нөхрөө “Дуугүй бай. Төр надад мөнгө өгч байна. Төр засгаа битгий муул” гэдэг. Нэг үгээр хэлбэл нэгнийх нь амыг нөгөөгийнх нь гараар таглуулж байгаа юм. Ийм бодлого явж байгаа учраас хавар долоо, оны өмнө хоёр төрлийн татвар нэмэхэд ард түмний ихэнх нь дуугүй байсан. Халааснаас нь шууд татвар нэрээр мөнгө аваад эхлэхээр л эсэргүүцэж байсан л даа. Их хурлаас гарч буй шийдвэр бүр иргэдийн амьдралд нөлөөлдөг учраас тухай цаг бүрт өөрт тань хамааралтай асуудал яригдаж байгаа бол өөрсдийн үгээ тодорхой хэмжээнд төр засагт хүргэхийн төлөө ажиллах ёстой.

-Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудал яригдаж байна. Стандарт банкны барьцаанд байгаа 51 хувь яг монголд байгаа юу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна л даа. Та байр сууриа илэрхийлээч?
-Эрдэнэт үйлдвэрийн барьцаалж “Жаст” компани зээл авсан нь үнэн. 109 сая ам.доллар бүхэлдээ Эрдэнэт үйлдвэрийн дансаар орж ирсэн. Тэр мөнгийг нь “Жаст” компани руу шилжүүлсэн. Энэ бүх мөнгө хууль ёсны дагуу Стандарт банкнаас наашаа шилжин орж ирж, зээл олгогдсон гэсэн үг. Зарим хүн хуурамч гарын үсэг гэж ярьдаг. Стандарт банк батлан даасан байгууллагынх нь дансаар мөнгөө шижлүүлсэн учраас арбитрын шүүхийн шийдвэр тэр талдаа гарч байгаа. Өөрөөр хэлбэл Стандарт банкны талд гарч байгаа гэсэн үг. Харин 50 сая ам.доллар хүртэл бууруулсан бол сайн ажилласан байна. Гэхдээ хүү, алдангид асар их мөнгө төлж байгаа бөгөөд тэр нь 103 сая ам.доллар болсон.

Манай хууль хяналтын байгууллага гарын үсэг, зээлийн асуудлыг дотоодын хууль тогтоомжоор шийдэхдээ нэг талдаа гаргачихсан бол энэ шийдвэр нь арбитрын шүүхийн шийдвэрт нөлөөлөх боломж байсан. Харамсалтай нь тэгээгүй. Гарын үсэг хуурамч эсэх асуудлыг одоо хүртэл хуулийн байгууллага шалгаад шийдвэрлээгүй байна. Хэрэв үүнийг шийдээд нэг талдаа гарчихсан бол арбитрын шүүх арай өөр шийдвэр гаргаж манай талд наашаа эргэх боломж байсан. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд “Жаст”-ын өрийг Монголын төрийн өмчийн компаниар төлүүлэх зорилго, сонирхол зарим түвшинд байсан юм уу гэж харж байгаа.

-Энэ өрийг төлөх хүмүүсийн нэр тодорхой байгаа юм биш үү. Юуг нь хүлээгээд байгаа юм бол?
-Ц.Нямдорж сайд “Жастын Батхүү гэдэг хүн Эрдэнэтийн өрнөөс болж бүх хөрөнгөө хураалгаад шоронд суугаад гарсан” гэж ярьсан. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. “Жаст”-ын Батхүү гэдэг хүн бүх хөрөнгөө Монгол шуудан компанийг худалдаж авахад өгсөн. Хоёрдугаарт, “Жаст” гэдэг бензин колонкуудаа өөр хүмүүст худалдсан гэдэг мэдээлэл байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин
Э.ЭНХБОЛД