Г.Занданшатар: Бүх түүхэн үйл явдалд монгол цэрэг, ардын арми салшгүй холбоотой

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааныг нээж үг хэлэхдээ, Монгол цэргийн баяр, орчин цагийн зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр, 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны Баруун хил дээрх зэвсэгт тулгаралтад улс орноо батлан хамгаалахад Монгол Улсын дайчид, хилчид тэргүүн эгнээнд явж гарамгай гавьяа байгуулсныг онцлон тэмдэглэв. Мөн монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой, НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож буйг тодотгоод, эдгээр бүх үйл явдалд зэвсэгт хүчин, ардын арми, төрийн тусгай алба салшгүй холбоотой гэдгийг онцлов.

Тэрбээр, "Цэрэг дайчид олон улс болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсоох, энхийг сахиулах ажиллагаанд оролцож Монгол Улсынхаа нэр хүндийг өнөөдөр ч дэлхий даяар мандуулж байна. Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед онцгой байдал, хилийн цэрэг, цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчний анги салбар, бие бүрэлдэхүүн халдварын тархалтыг хумих, хорио цээрийн дэглэм мөрдүүлэхэд цаг нар харгалзахгүй, бие сэтгэлээ умартан зүтгэж буйд талархал илэрхийлье. Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсын эрэлхэг цэрэг, хүндэт дайчиддаа алтан соёмбот төрийнхөө далбаан дор өргөсөн тангарагтаа үнэнч байж монгол цэргийн суу алдрыг эгнэгт бадраахын өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлье" хэмээлээ.

Чуулганаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлэцэж байна. Тус байнгын хорооноос УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг даргад нэр дэвшүүлээд байгаа юм.