Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- PCR шинжилгээний болон хурдавчилсан оношлуур, дагалдах хэрэгсэл худалдан авах, дархлаажуулах ажлын үед илүү цагаар ажилласан эмч, ажилчдын нэмэгдэл хөлс зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
- Ажлын байрыг дэмжих болон Хөдөө аж ахуйг дэмжих зээл олгохтой холбоотой хяналтыг банкуудын хэвийн ажлыг алдагдуулахгүй зайнаас, эрсдэлд суурилсан хэлбэрээр тавих болов. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй банкны салбарынхан уулзах үеэрээ, дээрх саналыг гаргасан юм.
- Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын журмыг батлав. Зөвлөл нь эдийн засгийн бодлогын чиглэлээр мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж, санал, зөвлөмж гарган Ерөнхий сайд, Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг болох үүрэгтэй. Зөвлөлд төрийн байгууллага, их, дээд сургууль, хувийн хэвшил, мэргэжлийн холбоог төлөөлсөн орон тооны бус гишүүд ажиллах юм.
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл, энэ хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Виртуал хөрөнгө гэдэг нь дижитал хэлбэрээр арилжих, шилжүүлэх боломжтой бөгөөд төлбөр, тооцоо, хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж болох үнэ цэн бүхий биет бус хөрөнгийг хэлдэг. Монгол Улс хэдийгээр саарал жагсаалтаас гарсан ч виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байна.
- “Олон улсын автотээврийн харилцааны тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр“-ийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулах хүртэл хоёр улсын хооронд тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцож, тээврийг хууль тогтоомжид нийцүүлэн эхлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Европын Холбоо, тэр дундаа Словак Улсаас чанамал жимс, самар, бяслаг, шоколад, дарс, шүдний оо, ариун цэврийн хэрэгсэл, савхин гутал, хувцас, усны тоног төхөөрөмж, цахилгаан болон хийн төхөөрөмж зэргийг импортоор авдаг. Харин монгол гэрийн угсармал хийц, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолж байна.
- Автозамаар олон улсын хэмжээнд зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулах хүртэл хоёр улсын хооронд тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцож, тээврийг хууль тогтоомжид нийцүүлэн эхлүүлнэ. Словени Улсаас хүн, амьтны цус, дархалсан ийлдэс, вакцин, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж зэргийг авдаг бол ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолдог юм.