ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ
Монгол улсын нүүрсний олборлолт 5 дугаар сард 31.1%-иар буурав
Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны мэдээгээр 2021 оны 05 дугаар сард Монгол Улсын нүүрсний олборлолт 1.9 сая.тн болж өмнөх оны мөн үеэс 28.4%-иар өсч, өнгөрсөн сараас 31.1%-иар буурчээ. Эдгээрээс чулуун нүүрсний гарц 480.8 мян.тн болж өмнөх оны мөн үеэс 23.4%-иар өссөн байна.
Монгол Улсад коронавируст халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор нүүрсний экспорт цаашид ч буурах төлөвтэй байна.
2021 оны 06 дугаар сарын дуустал Гашуунсухайт–Ганцмод боомтоор гарч буй автомашины тоог БНХАУ-ын тал 50-д хязгаарлахаар болсон бол 2021 оны 06 дугаар сарын 15-нд тус боомтоор нүүрс тээврийн 48 автомашин гарчээ.
Монгол Улс 2021 онд 42 сая.тн нүүрс экспортлохоор төлөвлөөд буй. Энэ оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд 9.1 сая.тн нүүрс экспортолж, нийт төлөвлөсөн хэмжээний 21.6 орчим хувьтай тэнцэж байгаа тул төлөвлөгөө 28 сая.тн болж буурах төлөвтэй байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.
БНХАУ-ын түүхий нүүрсний олборлолт өсчээ
2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Үндэсний Статистикийн газраас гаргасан мэдээллээр, энэ оны 05 дугаар сард дотоодын түүхий нүүрсний олборлолт 326.29 сая.тн болж өмнөх оны мөн үеэс 0.6%-иар өсч, өмнөх сараас 1.8%-иар буурсан бол 2019 оны мөн үеийнхээс 0.6%-иар өссөн байна.
2021 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэл дотоодын нүүрсний олборлолт 1.6 тэрбум.тн болж өмнөх оны мөн үеэс 8.8%-иар өсч, өсөлтийн хурд өмнөх дөрвөн сартай харьцуулахад 2.3 пунктээр буурсан байна. Харин 2019 оны мөн үеэс 9.8%-иар өсч хоёр жилийн хугацаанд дунджаар 4.8%-иар өсчээ.
ОХУ-ын коксжих нүүрсний экспорт өмнөх сараас буурчээ
ОХУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 04 дүгээр сард ОХУ-ын коксжих нүүрсний экспорт 1.6 сая.тн болж өмнөх оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх сараас 48.82%-иар буурчээ. Энэ оны 01-04 дүгээр саруудад коксжих нүүрсний экспорт 8.5 сая.тн болж өмнөх оны мөн үеэс 2.31%-иар буурсан байна.
Эрчим хүчний нүүрсний экспортын хувьд 04 дүгээр сард 10.9 сая.тн болж, өмнөх оны мөн үеэс 19.94%-иар өссөн боловч өмнөх хоёр сарын сүүлийн хоёр жилийн дээд хэмжээнээс 33.93%-иар буурчээ.