Дэд бүтцийн хяналтын чиглэлээр цахимжуулалтыг хийж, бизнес эрхлэгчдэд зөвлөн тусална

Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан анхаарах асуудлаар төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга нар, дэд бүтэц, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид цахимаар хуралдлаа.

Цахим хурлыг МХЕГ-аас зохион байгуулж, өмнөх онд хийж хэрэгжүүлсэн ажил, энэ онд төлөвлөн хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж, зарим чиглэлээр үүрэг даалгавар өгөв.

МХЕГ-ын дэд дарга Б.Мөнхдөл “Гүйцэтгэлийн шалгалт зохих түвшинд хийгдэхгүй байгаас барилга байгууламжид гарч буй чанар, төлөв байдал, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудлууд удаа дараа давтагдан гарч байгааг анхаарах хэрэгтэй” гээд орон нутаг, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил, барилга байгууламжийн ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангуулах шаардлагатай гэлээ.

Өнгөрсөн онд дэд бүтцийн чиглэлээр төлөвлөсөн нийт ажлын 29 хувь нь цар тахлын тархалт, хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор хийгдээгүй бөгөөд өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулах, аюултай ачааны тэвээрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах болон эмнэлгийн барилгуудын хүчилтөрөгчийн байгууламжид хийгдсэн хяналт шалгалт тодорхой түвшинд хийгдсэн.

Энэ онд дэд бүтцийн чиглэлээр хяналт шалгалтын үйл ажиллагаанд цахимжуулалтыг хийх, хяналт шалгалтын үйл ажиллагааны үр дүн бүтээмжийг дээшлүүлэх, бизнес эрхлэгчдэд зөвлөн туслах гэсэн зорилтын хүрээнд ажиллахаар төлөвлөөд байна.