Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны өр барагдуулах ажил ямар түвшинд яваа, мөн тус банкны үйл ажиллагааг хэрхэн эрчимжүүлэх талаар хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг мэдээлэв. Энэ сарын 3-ны байдлаар Хөгжлийн банкны чанаргүй зээлээс нийт 165 тэрбум төгрөгийн өр төлөгджээ. Цаашдаа тус банкны үйл ажиллагааг эрчимжүүлж, томоохон зээлдэгч нартай холбоотой авах арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр тус банкны зээлийн талаар өнөөдөр хөндөн тавих болсон нэг шалтгаан байгааг учирлав. Тэр нь 2019 онд Монголбанкнаас тус банканд хийсэн шалгалт бөгөөд энэ шалгалтын мөрөөр нийт 812 тэрбум төгрөгийн зээлийн алдагдлын сан байгуулах ёстой байсан. Өөрөөр хэлбэл чанаргүй зээлийг Төвбанкны журмын дагуу ангилаад 25, 75, 100 хувийн алдагдлын сан байгуулдаг. Үүний дагуу акт тавьж байжээ. Гэтэл тэр актын дагуу тус банкны баланс дээр сан байгуулах гүйлгээг хийгээгүй ирсэн байна. Ингэснээр банкны хэвийн үйл ажиллагааг ханган явуулахын тулд чанаргүй зээлүүдийг богино хугацаанд төлүүлэх, банкны хувь заятай холбоотой зайлшгүй байдалд тулж ирсэн. Түүнээс гадна та бүхэн мэдэж байгаа, 2023 онд төлөх ёстой хоёр томоохон бонд байгаа. Энэ нь:
“Сэргэн мандалт” нэртэй нээлттэй, евро бонд, 2023 оны 10 дугаар сарын 23-нд төлөх ёстой 500 сая ам.долларын, төгрөгөөр 1.5 их наядынх,
мөн 12 дугаар сарын 25-нд төлөх учиртай, өнөөдрийн ханшаар 725 тэрбум төгрөгийн “Самурай” бондууд байгааг онцоллоо.
Үүнээс онцгой анхаарах нь “Самурай” бонд гэдгийг тодотголоо. Учир нь энэхүү бонд нь Засгийн газрын баталгаатай гэдгийг онцоллоо. Өнөөдрийн дампуурлын эрмэгт очсон нөхцөл байдал үүсээд буй Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг төлж барагдуулж чадахгүйд хүрвэл энэ өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэлтэй байгааг хэллээ. Тийм учраас Засгийн газар энэ оны 1 дүгээр сараас эхлэн Хөгжлийн банкны хүндрэлтэй байдал, ялангуяа чанаргүй зээлийг богино хугацаанд төлүүлэх ажилд шуурхай орсныг тэмдэглэлээ. Энэ үүднээс энэ оны 6 дугаар сарын 30 болон 12 дугаар сарын 31 гэсэн хугацаанд бодитой үр дүн гаргах хэрэгтэй байгааг онцоллоо.
Бодитой үр дүн гаргаж байж 12 дугаар сарын 31-нээр бид тайлан балансаа олон улсын аудитын байгууллагаар баталгаажуулж улмаар ирэх оны эцэст төлөх бондуудын төлбөрийг барагдуулах нөхцөл болно гэдгийг тэмдэглэлээ. Тийм учраас өнөөдрөөс энэ асуудлыг ярьж хөндөн, зээл өрийг барагдуулах, Хөгжлийн банканд шуурхай үйл ажиллагаа явуулах нь цаг хугацааны хувьд тулаад байна гэв.