Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар зургаан хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2022.05.04) зургаан хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар

Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрийг 2011 онд байгуулсан бөгөөд тус хэлэлцээрийн 3.1-д “...хэлэлцэн тохирогч нэг талын машин хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтрэхдээ хэлэлцэн тохирогч нөгөө талын эрх бүхий байгууллагаас олгох зорчих зөвшөөрөл, онцгой зөвшөөрөл авч нэвтэрнэ” гэж заасан. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын талаас Монгол Улсад хүлээлгэн өгсөн зорчих болон онцгой зөвшөөрлийн бичгийг БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх Монгол Улсын дугаартай тээврийн хэрэгсэл тус бүрд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас олгон ажиллаж байна. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх яам хоорондын протоколын 2.2-т “С төрлийн зорчих зөвшөөрлийг байнгын ачаа тээвэр хийх тээврийн хэрэгсэлд олгох бөгөөд олгосон өдрөөс эхлэн 90 хоногийн дотор олон удаа хил нэвтрэхэд хүчинтэй байна” гэж заасан. Энэхүү төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг уул уурхай экспортын тээвэр гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслүүдэд олгож байна.

Цар тахлын онцгой нөхцөл байдлын улмаас болон БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Зам, харилцаа тээврийн танхимаас тус улстай хиллэдэг авто замын боомтуудаас Ганц модны боомтын хүчин чадлыг тооцож, Монголын талыг Гашуунсухайт-Ганцмодны боомтын чиглэлд 1 улиралд 6000-аас илүүгүй тээврийн хэрэгсэлд хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох мэдэгдлийг удаа дараа ирүүлж байсан ба илүү олговол Ганцмодны боомтод мэдээлэл хүргэхгүй гэсэн шаардлага тавьдаг. Бусад боомтод тоо заагаагүй учир тээвэрлэлт гүйцэтгэх шаардлага хангасан тээвэрлэгч бүрд олгон ажиллаж байна.

Үүний дагуу “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, холбогдох хууль, дүрэм, журам, стандартаар хүлээсэн үүргийг хангасан тээвэрлэгчид хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох зорилгоор Тээврийн нэгдсэн системийн програм хангамжийг 2019 онд нэвтрүүлсэн. Мөн зөвшөөрлийн бичгийг татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй, автотээврийн байгууллагын стандарт, шаардлагыг хангасан байгууллагад олгож байна. Одоогийн байдлаар тус шаардлагыг хангасан 240 аж ахуйн нэгжийн 19062 тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд С төрлийн зорчих зөвшөөрлийн 6000 бичгийг оновчтой хуваарилж олгох, зохицуулалт хийх шаардлага үүсээд байна. Түүнчлэн тээвэрлэгчдийн зүгээс өгч байгаа мэдээллээр С төрлийн зорчих зөвшөөрлийн үнийг нэмэгдүүлж, дамлаж зарах асуудал байдаг байна. Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын гэмт хэрэг бий болох магадлалтай байна.

Иймд уул уурхайн чиглэлээр улс хоорондын тээвэрлэлтийн зөвшөөрөл олгох төрийн үйл ажиллагааг ил тод, шударга, нээлттэй болгох, бизнес эрхлэгчдэд үүсээд байгаа хүндрэл чирэгдлийг багасах, бизнесийн шударга өрсөлдөөний зарчмыг хангах эерэг үр дагаврыг бий болгох зорилгоор Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд ашигт малтмалын төлөвлөгөө болон худалдан авагчийн худалдан авсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, бүтээгдэхүүн зөөвөрлөх хугацаа, хил нэвтэрсэн гүйцэтгэл зэрэгтэй зайлшгүй уялдуулж зорчих зөвшөөрлийг олгох, хянах асуудлыг Засгийн газарт захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгож зохицуулах байдлаар тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар С төрлийн зорчих зөвшөөрлийг авах шаардлага хангасан тээвэрлэгчдийн мэдээллийг уурхай эрхлэгчдэд хүргүүлж өөрсдийн экспортын бүтээгдэхүүний хувь хэмжээтэй уялдуулан эдгээр тээврийн хэрэгслээс сонгон, шийдвэрлэх боломж бий болж авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийн талаар

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу төрийн болон орон нутгийн өмчит компаниас гадна аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн тооцоот, эсхүл төсөвт төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар хэлбэртэй хуулийн этгээд байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулдаг болсон нь хуулийн этгээдийн засаглал ойлгомжгүй, төрийн болон орон нутгийн өмч үнэгүйдэх, алдагдалд орох, төр болон орон нутаг үзэмжээрээ аж ахуй эрхлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Түүнчлэн эдгээр үйлдвэрийн газрыг зохицуулах эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байгааг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлага үүссэн.

Тус хуулийн төсөл батлагдсанаар дараах үр дагавар бий болно гэж үзжээ. Үүнд:

-Төр нь эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцох Үндсэн хуулийн үзэл санаа болон ардчилсан дэглэм бүхий зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад нийтлэг мөрддөг “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим хууль тогтоомжид тусгалаа олж бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

-Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр аж ахуй эрхлэх замаар баялгийг бий болгох, баялгийг оновчтойгоор дахин хуваарилах тогтолцоог бий болгох суурь нөхцөл бүрэлдэнэ.

-Төр үйлдвэрлэл эрхлэгчийн хувиар бус мэргэшлийн түвшинд хөрөнгө оруулах замаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг бүрдүүлснээр төрийн аж ахуй эрхлэлтийн арга механизм тодорхой болно.

-Үйлдвэрлэлийн тодорхой салбарт хутгалдан орж өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учрах бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломж олгоно.

-Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн засаглал мэргэжлийн чадварлаг болох, улс төрөөс хараат бус байх, хариуцлагажуулах нөхцөл бүрдэнэ.

-Төрийн өмчит компанийн засаглал гэх тогтсон тодорхой загвар байж болох хэдий ч түүнийг бүтээх гол үндэслэл нь төр түүний хувьцааг эзэмшиж байгаа явдал гэдгийг ойлгож, тэрхүү хувьцааг олж авах, захиран зарцуулах, хувьцаанд ногдох эрхийг хэрэгжүүлэх механизмыг зөв тогтооход хуулийн төсөл чиглэнэ. Энэ ч агуулгаар төр хувьцааг тооцоо, судалгааны үндсэн дээр тодорхой салбарт эзэмших, хувьцаа эзэмшигчийн ямар эрхээ аль байгууллагаар дамжуулж хэрэгжүүлэх хуваарилалт, хариуцлагын эргэх холбоо, тайлагнал, хариуцлага, ил тод байдлыг  хангах механизмыг энэ хуулийн төсөл бүрдүүлэх юм.

-Иргэний хууль дахь хуулийн этгээдийн хэлбэрийг зөрчиж байгуулсан төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн статусыг нэг мөр болгоно.

-Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн засаглал сайжирч, эдгээр хуулийн этгээдийн ашигт ажиллагаа нэмэгдэх, төр, орон нутаг ил тод, хариуцлагатай бизнес эрхлэх нөхцөл бүрдэнэ.

Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/174 дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсэг боловсруулсан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөлөл орсон болно гэжээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар

Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсанаас хойш нийт 6 удаа, давхардсан тоогоор 54 гаруй зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орж хуулийн анхны бичвэрээс нэлээд зүйл, хэсэг заалт өөрчлөгдсөн байна. Эдгээр өөрчлөлтийн тухайд голлон бөх, уяач, сур харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг бий болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт 2004, 2007, 2013, 2014, 2014, 2017 онуудад орсон байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа дараах зохицуулалтыг оруулжээ. Үүнд: 

-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн нэр томьёотой нийцүүлж, хууль хоорондын болон хуулийн зүйл, хэсэг, заалт хоорондын зөрчил, хийдлийг арилгаж, уялдаа холбоог хангах;

-Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүргийг тодорхой болгож, хариуцлагын механизмыг боловсронгуй болгохоор тусгасан, тухайлбал, допинг хэрэглэсэн бөх, сурын харваач, допинг хэрэглэхийг зөвлөсөн, шаардсан дасгалжуулагч, эмч, дэвжээнд олон улсын допингийн дүрмийн дагуу хариуцлага оногдуулах механизмыг хуулийн төсөл тусгасан;

-Хүн амын нягтаршил, газар нутгийн байршил, төсвийн хэмнэлтийн хүрээнд зэргэлдээ сумын баяр наадмыг нэгтгэн зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтоохоос гадна Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгон, Нийслэлийн алслагдсан дүүрэг баяр наадам зохион явуулах эсэхийг Засгийн газар шийдвэрлэхээр зохицуулав; Мөн онцгой нөхцөл байдлын үед улс, аймгийн баяр наадмыг Засгийн газрын шийдвэрээр, сумын баяр наадмыг тухайн аймгийн Засаг даргын шийдвэрээр хойшлуулах, зохион байгуулах байршлыг солих зэргээр нөхцөл байдалд тохируулан зохион байгуулж болох зохицуулалтыг хуулийн төслийн 5 дугаар зүйлд тусгасан.

-Үндэсний бөхийн өмсгөл, сур харвааны малгай, нум сум, шагайн харвааны хэрэгсэл, хурдан морины сэрвээний өндөр зэргийг Монгол Улсын стандартаар тогтоох эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгав;

-Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулаагүй нарийвчилсан харилцааг зохицуулах дүрэм, журмыг батлах субъектийг тодорхойлж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны үйл ажиллагаанд гомдол гаргах, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр оруулав; Өөрөөр хэлбэл дээрх дүрэм, журмыг бөх, сур, шагай, хурдан морины  холбогдох мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн Засгийн газар тогтоох зохицуулалтыг тусгасан болно.

-Монгол үндэсний уламжлалт тоглоом болох шагайн харвааг үндэсний их баяр наадмаар зохион явуулах, үүнтэй холбоотой дүрмийг Засгийн газар батлан мөрдүүлэх зохицуулалтыг шинээр тусгалаа; Түүнчлэн улсын баяр наадамд түрүүлсэн үзүүрлэсэн үндэсний шагайн харваач нарт бусад үндэсний спортын нэгэн адил Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цол олгохоор тусгасан болно.

-Бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагчийн ёс зүй, сахилга, хариуцлагын дүрмийг тус тус Засгийн газар батлахаар тусгалаа;

-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахыг тухайн үндэсний спортын төрлийн мэргэжлийн холбоодод олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүллээ;  

-Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар уг хуулийн төсөл болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

Хуулийн төсөлд тусгасан асуудлуудыг товч танилцуулбал.

1.Шүүхийн шийтгэх тогтоолд хүчин төгөлдөр болсон өдрийг гүйцэтгэх хуудсанд дурдаагүйгээс ял эдэлсэн хугацааг харилцан адилгүй тоолж, ялтанд ял завших боломж бий болгож байх тул зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтны ял эдэлсэн хугацааг тоолохдоо шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс бус ялтанд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхэлж тоолох зохицуулалтыг тусгалаа.

2.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал дахь дотоод аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг, оролцоо бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төрийн цэргийн байгуулалд хамааруулах зохицуулалтыг тусгалаа.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 270.7-д “Цагдан хорих төв, байр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэргэдэх мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн болон согтуурах, мансуурах донтох эмгэгтэй этгээдийг албадан эмчлэх байгууллагын ажилтныг хорих байгууллагын алба хаагчтай адилтган үзнэ.” гэж заасан. Энэ нь баривчлах төв болон баривчлах байранд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад хамаарахгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын хуульд заасан эрх зүйн байдал харилцан адилгүй, ялгамжтай байдлаар зохицуулсан байх тул баривчлах төв болон байранд ажиллаж буй алба хаагчдыг хорих байгууллагын алба хаагчтай адилтган үзэх өөрчлөлтийг тусгав.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд шийдвэр гүйцэтгэгчийн энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд тооцох зохицуулалтыг тусгалаа. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө цэргийн болон өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ажлаас чөлөөлөгдсөн иргэнд энэ хууль үйлчлэхгүй байхаар хуулийн төсөлд тусгалаа.

Хуулийн төсөл батлагдсанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагчдын эрх зүйн байдал, нийгэм, эдийн засгийн баталгаа хангагдахаас гадна зорчих эрхийг хязгаарлах ял бодитой хэрэгжих боломж нөхцөл бүрдэх бөгөөд улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй болно.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенц, зөвлөмжид Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалтыг бүрэн нийцүүлэх, хуулийн хэрэгжилтийн явцад тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ирүүлсэн холбогдох байгууллагын санал зэрэгт үндэслэн Эрүүгийн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага тулгарсан. Иймд дээрх хэрэгцээ, шаардлагад үндэслэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мөнгө угаах болон террозимыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулав. 

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцид нийцэж, Эрүүгийн хуулийн холбогдох бүлэг, зүйлд заасан гэмт хэргийн гаралт буурах, авлига, албан тушаалтантай тэмцэх төрийн бодлого чангарч, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчим улам бүр баталгаажна гэж үзжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

Хуулийн төсөлд тусгасан асуудлуудыг товч танилцуулбал.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг харгалзах зохицуулалтыг нэмж, ингэснээр олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах нөхцөл бүрдэнэ гэж үзлээ.

-Улсын онц чухал обьект, онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллага, байгууламжийн үйл ажиллагаанд саад учруулах гэмт хэргийн харьяаллыг тагнуулын байгууллагад хамааруулах, сонгуультай холбоотой хэргийн харьяаллыг цагдаагийн байгууллагад шилжүүлэх өөрчлөлтийг тусгаад байна.

-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах, хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх зорилтыг хангах үүднээс мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдыг дуудан ирүүлэх болон албадан ирүүлэх эрхийг нэмэв.

-Яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэх нь хуулийн этгээдийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг саад учруулахад хүргэж, улмаар энэ нь хуулийн этгээд, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг зөрчихөд хүргэдэг тул эдгээрийн эрх ашгийг хамгаалах үүднээс эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааг нэн тэргүүнд зогсоох, саад учруулахгүй байх зохицуулалтыг тусгалаа.

-Таслан сэргийлэх арга хэмжээний үр нөлөөг харгалзан хувийн батлан даалт авах таслан сэргийлэх арга хэмжээг нэмж тусгав.

-Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх, авлигын хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, мэргэшсэн шүүгчээр шийдвэрлүүлэх үүднээс давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэдэг байх, давж заалдах эрхийг Улсын дээд шүүхэд хангах бодлогыг баримтлан холбогдох өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгалаа.

Хуулийн төсөл батлагдсанаар хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байсан хүндрэл бэрхшээл, хэрэгжүүлэхэд нөлөөлөх сөрөг үр дагавар арилж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээн эдлүүлэх ажлын үр дүн дээшлэх болно гэжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.