Зүүн хойд Азийн хотын дарга нарын тав дахь удаагийн форум “Томоохон хотуудын авто замын түгжрэлийг бууруулж, хүн амын төвлөрлийг сааруулах тогтвортой хөгжлийн стратеги: Шийдлүүд ба түүнийг санхүүжүүлэх боломжууд” сэдвийн дор болов.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын санаачилгаар 2014 оноос хойш тасралтгүй зохион байгуулсан тус форум нь сайн туршлага, шилдэг техник, технологийн ололтыг харилцан солилцох замаар хотуудын өмнө тулгамдаж байгаа нийтлэг хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж, улмаар Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны олон талт механизм болон хөгжих зорилготой билээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Түгжрэл, хүн амын төвлөрөл бусад хотын хувьд ч нийтлэг, тулгамдсан асуудал. Үүнийг хэрхэн богино хугацаанд, оновчтой шийдэх вэ гэдгийг бид өнөөдөр хэлэлцэж, туршлагаасаа хуваалцлаа. Амжилттай хэрэгжиж байгаа, үр дүнгээ өгсөн арга хэмжээ, оновчтой шийдлүүдээс суралцаж байгаа нь өнөөдрийн арга хэмжээний гол үр дүн” гэж онцоллоо.
Мөн “Автозамын түгжрэлгүй хотыг бий болгох чиглэлээр хотуудын баримталж буй бодлого, тулгарч буй бэрхшээлүүд” сэдвийн хүрээнд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хотын авто замын түгжрэлийн өнөөгийн нөхцөл байдал, авч буй арга хэмжээний талаар илтгэл тавьсан юм.
Тэрбээр “Улаанбаатарт тулгамдаж буй авто замын түгжрэлийн асуудал бусад хотод ч бий. Энэ асуудлыг шийдсэн, шийдэж буй туршлагаасаа бусад оролцогч хуваалцлаа. Тухайлбал, Бээжин хотын хувьд энэ асуудалтай эрт нүүр тулж, шат дараатай арга хэмжээ авч, үр дүнг нь үзсэн байна. Манай хотын нөхцөл байдлыг харвал нэн тэргүүнд нийтийн тээврийг хүртээмжтэй, ая тухтай, таатай болгоход анхаарах нь чухал. Ингэхдээ зөвхөн парк шинэчлэл хийгээд зогсохгүй маршрутыг оновчтой болгох, нийтийн тээврийн жолооч нарын соёлыг дээшлүүлэх, үйлчилгээний стандартад анхаарах гээд олон арга хэмжээг авна” хэмээв.
Түүнчлэн “Хүн амын төвлөрлийг сааруулах чиглэлээр хотуудын баримталж буй бодлого, тулгарч буй бэрхшээлүүд” сэдвийн хүрээнд Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва илтгэл тавьсан.
Тэрбээр “Хүн амын төвлөрөл, үүнийг дагасан асуудал нийслэлд тулгамдаж байна. Хотжилт, эдийн засаг, нийгмийн хүчин зүйлүүдээс улбаалсан шилжилт хөдөлгөөн, төвлөрөл бусад хотод ч бий. Гэхдээ үүнийг бэрхшээл, асуудлын шалтгаан гэж харахгүй байх нь чухал. Бид энэ төвлөрлийг ухаалгаар зохицуулж, хотын эдийн засгийг тэлэх, цаашлаад нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх боломж гэж үзэх ёстой” гэв.
Уг форумд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улсын таван орны 23 хотын удирдлагууд, салбарын мэргэжилтнүүдээс гадна Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, олон улсын байгууллагын 90 гаруй төлөөлөгчид цахим болон танхимын хэлбэрээр оролцлоо.